2026 оны 03 дугаар сарын 08-нд “CA: Банк хөдөө” нэртэй пэйж “Монгол өрх бүрд 6-70 сая төгрөгийн санхүүжилтийг үнэгүй олгоно” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ. Тус постыг 30 реакц, 38 сэтгэгдлээр идэвхжүүлж, 7 удаа цааш түгээжээ.
Хаягийг шалгая
“СА: Банк хөдөө” нэртэй пэйж нь 2026 оны 01 дүгээр сарын 09-нд үүссэн, танилцуулга хэсэг нь хоосон, гаднын байгууллагын логог зөвшөөрөлгүй ашигласан, маш цөөн тооны дагагчтай, Бенин, Мьянмар, Того улсуудаас удирддаг зэрэг залилангийн түгээмэл шинж тэмдгүүд илэрлээ.

Зургаар шалгая
Бид HiveModeration хэрэглүүр ашиглан түгээсэн зургийг шалгахад ChatGPT Image-1.5 гэсэн хиймэл оюун ухааны моделоор зураг үүсгэн болох нь харагдлаа. Пост түгээгч нь бодит мэт итгэл төрүүлж, төөрөгдүүлэх зорилготойгоор тус зургийг постдоо хавсаргажээ. Тус зурагт харагдах “CA” нь Францын олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд албан ёсны Фэйсбүүк пэйж нь 284 мянган дагагчтай, цэнхэр тэмдэглэгээтэй Credit Agricole юм.

Дүгнэлт
Цахим орчинд бусдын нэр, лого, хиймэл оюунаар бүтээгдсэн зураг зэргийг ашиглан иргэдэд итгэл төрүүлж, залилах явдал түгээмэл байдаг. Түгээгч пэйжийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь маш цөөн дагагчтай, үүсээд удаагүй байдаг. Иймд та аливаа пост түгээгч пэйжийн ил тод байдлыг шалгаж, хэзээ үүссэн, хэдэн дагагчтай, хаанаас удирдлагатай зэргийг нь нягталж байхыг зөвлөе.
Мөн бид өмнө нь энэ төрлийн залилангийн постыг баримтаар шалгаж байсныг энд, эндээс үзээрэй.




