2026 оны 02 дугаар сарын 23-нд Цүнх Мөнхөө нэртэй хуудаснаас “Биднүүс үнэхээр мал болж таарлаа шүү. Газар нутгийн багахан хэсгийг зарсан гэж бараг бүгдийг нь эх оронтой нь зарчихсан юм биш үү. Хүнтэй нь цуг.” гэх тайлбартай, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн лайв бичлэгээс тасалсан богино бичлэг оруулжээ. Уг бичлэгт “200 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд болонгуутаа гуравхан сарын дотор MCS-т татвараас бүрэн чөлөөлсөн байна. Гэтэл та нар татвар дээр 5, 10 сая төгрөгийн өртэй гээд дансаа хаалгуулаад, гадаадад гарах эрхээ хасуулаад байж байгаа биз дээ…” гэж ярьсан байна.
Энэ нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэрт нь хулгай орсон тухай лайв хийхдээ ярьснаас таслан авсан хэсэг бөгөөд тав хоногийн дотор 200 гаруй хаягаар энэхүү тасалсан бичлэгийг түгээсэн байна.
FACTCHECK:
200 тэрбум хаанаас гаргасан тооцоолол вэ?
“Төсөвт орох ёстой 200 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн” гэх агуулга өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-ноос эхлэн Ерөнхий сайд асан Д.Оюун-Эрдэнийг дэмжигчдийн зүгээс түгээж байсан мэдээллээс үүдэлтэй. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг 10 дугаар сарын 2-ны өдөр C1 болон ETV телевизэд өгсөн ярилцлагадаа

“… Бирж болон Ганц мод, Гашуун сухайт дахь үнэ 30-40 ам.долларын зөрүүтэй. 5 хувийн АМНАТ тооцож авахад тонн тутмаас 1-2 ам.доллар өөр зүйл рүү орчихлоо. Төсвийн жилийн дундуур төсвийн орлогыг бууруулах шийдвэр гаргаж болохгүй хуулийг зөрчиж байна…Миний тооцоогоор 22.5 сая тонн нүүрс буюу 200 тэрбум төгрөг алга болчихлоо. Хаашаа орсон бэ… Энэ Засгийн газарт итгэхгүй байна, том бизнесүүдийн эрх ашгийг төлөөлж орж ирсэн гэж харж байгаа” гэсэн байна.
- Цаашлаад, 10 дугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн П. Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд, үндэслэл нь “Засгийн газрын 8-р сарын хуралдаанаар гаргасан 55-р тогтоолоор ААН-үүдэд АМНАТ-ын хөнгөлөлт олгосон нь төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан…” гэж дурдаж байв.
10 дугаар сарын 6-ны өдөр нөгөө талаас буюу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлийн бага хурал хийсэн.

Хурлаар өгсөн мэдээлэлд, “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна” гээд ач холбогдлыг нь дурдсан гурван үндэслэл гаргажээ.
- Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.
- Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.
- Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ” гэжээ.
55 дугаар тогтоолын үйлчлэх хугацаанд АМНАТ-ийн хэмжээ буураагүй
Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-д өөрчлөлт оруулсан. Уг тогтоолд,
- “3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна”
- Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.” гэж заасан.
Үндэсний статистикийн хорооны дата сангаас АМНАТ-ийн хэмжээ болон өссөн дүнг Засгийн газрын 55 дугаар тогтоол гарснаас хойш буюу 2025 оны есдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаагаар шүүж харлаа. Тогтоол 2025 оныг дуустал хэрэгжсэн бөгөөд 2026 оны нэгдүгээр сард АМНАТ-ийн хэмжээ 26.9 сая төгрөг болж бууржээ.

Мөн АМНАТ-ийн хэмжээ болон өссөн дүнг 2025 оны нэгдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд авч үзлээ.

Дүгнэхэд, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн “Засгийн газрын 55 дугаар тогтоолын улмаас төсөвт орж ирэх 200 тэрбум төгрөгийг алдах гэж байна” гэж хэлснээс үүдэн, “MCS-ийг 200 тэрбумын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэж гуйвуулсан мэдээллийг түгээжээ. Тогтоолын үйлчлэлийн хугацаанд АМНАТ-ийн хэмжээ өмнөх саруудаас буураагүй байна.



