2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр EMALL нэртэй хуудаснаас “45 гаруй нэр төрлийн эмийн ургамлын найрлагатай, олон улсын стандарт шаардлагыг хангасан ямар ч химийн бодис амт оруулагчгүй, 100% байгалийн гаралтай сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн бөгөөд 1 хайрцаг цайг хэрэглэснээр 3-5кг жинг найдвартай хасах онцгой давуу талтай юм” гэсэн тайлбартай мэдээллийг дахин идэвхжүүлж, түгээсэн байна. Уг пост 4400 гаруй реакц, 8800-аад сэтгэгдэл авч, 5700 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад alibaba, ebay зэрэг онлайн худалдааны сайтад худалдаалагдаж буйгаас өөр төрлийн мэдээлэл илэрсэнгүй. Тус бүтээгдэхүүний савлагаанд HACCP, GMP зэрэг тэмдэглэгээнүүдийг байршуулсан ч дурдсан байгууллагуудын сайтаас уг бүтээгдэхүүний талаар ямар ч мэдээлэл олдоогүй юм. Өөрөөр хэлбэл тус бүтээгдэхүүнийг зургаар хайхад илэрц ховор байсан бөгөөд олон улсын зөвшөөрөлтэй эсэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Ургамлын гаралтай цайгаар өөх шатааж, жин хасах нь судалгаагаар бүрэн батлагдаагүй бөгөөд үр нөлөө багатай гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас онцолдог.
Шинжлэх ухааны тойм судалгаанууд “тураадаг цай” гэх бүтээгдэхүүнүүд нь баталгаагүй бөгөөд зарим тохиолдолд эрсдэлтэй гэж тусгасан байна. Мөн эрүүл мэндийн Medical News Today сайтад, “Өөх шатааж, хоолны дуршил дарна” гэх мэт сурталчилгаанд итгэж, баталгаагүй бүтээгдэхүүн авах хэрэггүй. Учир нь ургамлын гаралтай цайны найрлагад шээс хөөх үйлчилгээтэй бодисууд байдаг тул жин багассан мэт сэтгэгдэл төрүүлдэг ч бодитоор үр дүнгүй гэж мэдээлсэн байна.
Энэ талаар АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас “Жин хасахад тусална гэж сурталчилдаг тураах эм, өөх шатаах шахмал, цай, нэмэлт бүтээгдэхүүн нь орцондоо тусгаагүй нууц найрлага агуулсан байх нь бий. Үүнийгээ эрүүл, аюулгүй, байгалийн гаралтай эмчилгээ мэтээр сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг. Энэ нь эмийн эрүүл мэндийн луйврын нэг төрөл юм. Үнэн хэрэгтээ иймэрхүү бүтээгдэхүүн нь бүрэн батлагдаагүй, үр дүн тодорхойгүй байдаг. Зарим тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрсдэл учруулж болзошгүй. Иймд онлайн дэлгүүрүүдээр зарагддаг баталгаагүй бүтээгдэхүүнийг авч, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй” гэж сануулжээ.
Жин хасаж, тураах зорилготой бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд тооцогддог тул эмтэй харьцуулахад хяналт сул. Тиймээс олон төрлийн ашиг тус амласан элдэв сурталчилгаанд шүүмжлэлтэй хандах хэрэгтэйг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сануулдаг байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтээс “Жингээ хурдан хасах зорилгоор батлагдаагүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь зарим төрлийн бүтээгдэхүүнд батлагдаагүй, аюултай орц найрлагыг зөвшөөрөлгүй ашигласан байх нь бий. Иймд эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, өөрийн жин, биеийн байдалд таарсан, аюулгүй аргыг сонгох хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Дээрх мэдээллүүдээс дүгнээд үзэхэд, “Өөх шатааж, тураах цай” гэх бүтээгдэхүүн нь баталгаагүй бөгөөд аюулгүй байдал, үр нөлөөг баталсан найдвартай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна. Мөн олон улсын эрүү мэндийн байгууллагуудаас цайгаар турах арга арга нь баталгаагүй бөгөөд үр нөлөө багатай гэдгийг онцолжээ. Эдгээр нь уг бүтээгдэхүүний баталгаатай байдалд эргэлзэх үндэслэл юм. Иймээс ямарваа нэг худалдан авалт хийхдээ сэрэмжтэй байж, бүтээгдэхүүний найдвартай байдлыг шалгаж, нэмэлт мэдээллийг хайж хэвших хэрэгтэй.




