Search

“Кибер гэмт хэргийн эсрэг тэтгэлэг олгоно” гэж залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1808

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Кибер гэмт хэргийг төгсгөх 100,000,000 төгрөгийг буцаан олгохгүй санхүүгийн тусламж болгон авахын тулд тусламж гэж бичээрэй” гэсэн агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаас цахим орчинд нээлттэй байршуулсан бичлэгийн хэсгээс таслаж авсан зураг ашиглан “Кибер гэмт хэргийн эсрэг тэтгэлэг олгоно” гэж иргэдийг залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны хоёрдугаар сарын 20-нд Nancy Nancy (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Кибер гэмт хэргийг төгсгөх 100,000,000 төгрөгийг буцаан олгохгүй санхүүгийн тусламж болгон авахын тулд тусламж гэж бичээрэй” гэсэн агуулгатай пост түгээжээ. Тус пост 38 реакц, 135 сэтгэгдэл авч, 2 удаа цааш түгээгдсэн байна.

Nancy Nancy хуудас нь 2026 оны нэгдүгээр сард нээгдсэн шинэ хаяг байгаагаас гадна пэйжийн админы мэдээллийг нуусан байна.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google lens хэрэглүүр ашиглан шалгахад цахим орчинд нээлттэй байршуулсан бичлэгийн хэсгүүдээс тасдан оруулжээ. Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 07-нд МБҮА-ийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар гэх хүний ярилцлага өгч байх үеийн бичлэгээс таслан авч, зураг хэлбэрээр ашигласан байна. Тус ярилцлагын агуулга нь “буцаан олгохгүй санхүүгийн тусламж”-тай огт холбоогүй байсан юм.

Залилагчид цахим орчинд нээлттэй байршуулсан шагнал, мөнгө, урамшуулал авч буй хүмүүсийн зургийг хуулж авч ашиглан, залилангийн шинжтэй постдоо хавсаргадаг. Ингэснээр иргэдэд уг мэдээлэл үнэн мэт сэтгэгдэл төрүүлж, санхүүгийн болон хувийн мэдээллийг авч хохирол учруулдаг байна.

Мөн бид дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор тус хуудас руу чат бичихэд овог нэр, дансны дугаар, IBAN зэрэг хувийн мэдээллээ бөглөж явуулахыг хүссэн. Аливаа залилангийн шинжтэй мэдээлэл нь “хүн бүр хамрагдах боломжтой, мөнгө авахын тулд чат бичээрэй, мөнгө шилжүүлээд өсгөж аваарай” гэх мэт агуулгатай түгдэг. Иймд их хэмжээний мөнгө амласан постод итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүй.

Хуурамч хаяг, залилангийн шинжтэй постуудын нийтлэг чанар:

  • Өмнө нь ямар нэгэн бичлэг, пост оруулж байгаагүй эсвэл хэтэрхий бага мэдээлэлтэй
  • Зөвхөн нэг төрлийн зурагтай (ихэвчлэн интернэтээс татсан байх нь элбэг)
  • “Сугалаанд хожлоо”, “Шагналтай боллоо” гэх мэт амар аргаар, хурдан мөнгөтэй болох талаар нийтэлж, анхаарал татдаг
  • Мөнгө, шагнал авахын тулд таны хувийн мэдээлэл эсвэл урьдчилгаа төлбөр шаарддаг
  • Зөвхөн чатаар холбогдохыг шаарддаг, утасны дугаар, албан ёсны вэбсайтгүй
  • Хувийн мэдээлэл, банкны, дансны дугаар зэргийг асуудаг
  • Бодох хугацаа өгөхгүйгээр яаруулж, тэвдүүлдэг
  • Үг, үсэг тэмдэгт, найруулгын алдаатай нийтлэлүүдийг түгээдэг
  • Нийтлэлүүд нь бодит хүмүүсийнх шиг олон янзын биш, тогтсон нэг хэв маягтай гэх мэт шинжийг агуулдаг.

Иймд дээрх шинжүүдийг харгалзан үзэж, сэжигтэй тохиолдолд тухайн хаягийг дагахаа болих, Facebook болон бусад холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Аливаа үүсэж болох эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрсүү нэгэн байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Кибер гэмт хэргийг төгсгөх 100,000,000 төгрөгийг буцаан олгохгүй санхүүгийн тусламж болгон авахын тулд тусламж гэж бичээрэй” гэсэн агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document