Search

Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хаягийг дуурайлгасан хуурамч хуудсыг шалгах арга

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1806

Ерөнхий агуулга

“Олон улсын зах зээлтэй холбогдсон аюулгүй, зохицуулалттай платформ” гэх мэдээлэл түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

EBC Financial Group гэх санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагын хаягийг дуурайж, хуурамч сайтаар хувийн мэдээлэл авч байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 04-нд EBC Global (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас хөрөнгө оруулалтын платформ сурталчилсан мэдээлэл түгээжээ. Тус постод “Хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлмөөр байна уу? Олон улсын зах зээлтэй холбогдсон аюулгүй, зохицуулалттай платформтай танилцана уу.  Бидний үйлчилгээ: Аюулгүй, найдвартай платформ, дэлхийн зах зээлд орох, Мэргэжлийн зохицуулалтын нийцэлтэй байдал, ойлгомжтой, ашиглахад хялбар интерфэйс, сард 24 цаг бүрэн цаг хугацаанд үйлчилгээ.Өөр хүлээх хэрэггүй. Өсөлтийн боломж энд байна” гэх агуулгыг дурджээ.

EBC Global хаяг нь нийт 20 дагагчтай, танилцуулга хэсэгтээ мэдээлэл огт оруулаагүй хуудасны ангиллаа “зар сурталчилгаа, маркетинг” гэж сонгожээ. Мөн хуудасны ил тод байдлын хэсгийг харахад анх 2025 оны 06 дугаар сарын 10-нд Marketing Cloud нэртэй нээгдэж, 11 дүгээр сарын 14-нд нэрээ сольжээ. Бразил, ХонКонг, Польш, Тайланд улсаас тус бүр нэг админ удирдаж байна. Тус хуудаст нүүр зургаас өөр зураг, мэдээлэл, пост нээлттэй оруулаагүй. Эдгээр нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм. Шалгасан зургийн зүүн дээд буланд EBC Financial Group гэх лого харагдаж байна. Иймд EBC санхүүгийн группийн мэдээллийг хайлаа. Тус групп нь зуучлал, хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйлчилгээ зэрэг цогц санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ба Токио, Сидней, Сингапур ХонКонг зэрэг томоохон хотод салбартай байгууллага юм. EBC санхүүгийн группийн албан ёсны Facebook хаяг нь нийт 29 мянган дагагчтай ба хаягтаа ерөнхий мэдээлэл, танилцуулга, вэбсайт холбоосыг нээлттэй байршуулжээ. Доорх зурагт шалгасан хаяг болон EBC санхүүгийн группийн албан ёсны хаягийг харьцуулан харууллаа.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан холбоосоор орж үзэхэд ebcen.co гэх домэйн нэртэй сайт байна. Харин EBC санхүүгийн группийн албан ёсны сайт нь ebc.com юм. Үүнээс харахад домэйн нэрийг дуурайлган хийсэн хуурамч сайтаар нэвтрэх нэр, нууц үг зэрэг хувийн мэдээлэл авч байна.

Аливаа санхүүгийн байгууллага холбогдох дугаар, албан ёсны сайт, танилцуулга зэргээ нээлттэй байршуулдаг. Иймд аливаа мэдээллийг түгээж буй хаягийг шалгаж хэвшээрэй.

Агуулгыг нягтлах

Мэдээлэл түгээсэн хаягийг шалгасны дараа агуулгыг нягтлаарай. Гаднын удирдлагатай хуурамч хаягаас мэдээлэл түгээхдээ ихэвчлэн үг үсэг, найруулгын алдаатай бичдэг. Шалгасан мэдээлэлд “Сайн байцгаарай”, “өргөжүүлмөөр”, “Сард 24 цаг бүрэн цаг хугацаанд үйлчилгээ” зэрэг үг үсэг, найруулгын алдаа ажиглагдаж байна.

Сүүлийн үед гадаадаас хэд хэдэн админ удирддаг хуурамч хаягаас “санхүүгийн тусламж, дэмжлэг олгоно, их хэмжээний мөнгө аваарай, хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт мэдээлэл түгээж хэрэглэгчдийн хувийн мэдээллийг авах, цаашлаад санхүүгийн залилан үйлдэх үзэгдэл ихэссээр байна. Иймд та бүхэн санхүүгийн холбогдолтой мэдээлэл түгээж буй пэйжийн ил тод байдал, ерөнхий мэдээллийг шалгаж, хэрсүү хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Олон улсын зах зээлтэй холбогдсон аюулгүй, зохицуулалттай платформ” гэх мэдээлэл түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document