Search

Арьсан дээр түрхэж, наадаг бүтээгдэхүүн ашиглаж турах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1805

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Наалтаар өөх шатааж, тураана гэж сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тэнцвэртэй хоолны дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр зөвхөн наалт нааж турах боломжгүй. Шалгасан мэдээлэлд чанарын баталгаагүй, үйлдвэрлэгч нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худал сурталчлан борлуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 22-нд UA shopping mall-хүргэлт үйлчилгээ нэртэй хуудаснаас тураах наалт сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт  “200 кг-аас 60 кг болсон… Хүнд хэцүү дасгал, хатуу дэглэм хэрэггүй, төрсний дараах гурван сурын дотор хуучин шигээ гуалиг биетэй болчихсон. Хор гадагшлуулж, өөх шатааж, галбир сэргээх” гэх агуулгыг дурдсан. Бичлэгийг нийт 1,000 гаруй реакц, 644 сэтгэгдлээр идэвхжүүлж, 385 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад чийг өгдөггүй наалт гэх бүтээгдэхүүний мэдээллүүд илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, Wee, Taobao, Yami зэрэг онлайн худалдааны сайтад тус бүтээгдэхүүнийг чийг арилгах, халуун жин, биеийн дулааныг сайжруулах, хоолны дуршил буурсан үед хэрэглэнэ гэж өөр өөрөөр тайлбарлажээ.  

Мөн эдгээр сайтад худалдаалагдаж буй бүтээгдэхүүний нэр,  савлагаа, зураг, текст адил байгаа ч үйлдвэрлэгчийн лого өөр өөр байна. Тодруулбал, тус наалтыг ХонКонгийн эмийн сан үйлдвэрлэсэн гэж тэмдэглэсэн боловч лого өөр байгааг доорх зурагт харууллаа.

Энэ нь OEM буюу гуравдагч компани үйлдвэрлэж, өөр компанийн брэндийн нэрээр зарагддаг бүтээгдэхүүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч компаниас захиалахдаа өөр брэндийн нэрээр захиалж болох юм.

Үүнээс харвал чанарын баталгаагүй, үйлдвэрлэгч нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худал сурталчлан борлуулж байна.

Зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийлгүйгээр наалт ашиглаад турах боломжгүй

Бид өмнө “Тураах наалт үр дүнгүйг олон улсын мэргэжилтнүүд сануулж байна”, “Тураадаг наалт гэж одоогоор байхгүй” зэрэг баримт шалгалтаараа тураах наалт үр дүнтэйг шинжлэх ухаанаар батлаагүй тухай дэлгэрэнгүй мэдээлж байсан.

Шалгасан мэдээлэлд дасгал хөдөлгөөн хийх, дэглэм барих шаардлагагүй гэж дурдсан. Энэ нь түгээмэл ашигладаг  хуурамч сурталчилгааны хэлбэр юм. Тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашигладаг бусад сурталчилгаанд “богино хугацаанд их жин хасна, дахин таргалахгүй, наалт тос ашииглаад турна, дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүй, хүн бүрд тохирно” гэж сурталчилдаг тухай АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commision)– оос анхааруулсан ба “Зөв зохистой хоолны дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй” хэмээн онцолжээ.

Мөн Холбооны Худалдааны Комиссоос гаргасан “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-д “Жин хасах нь дотоод бодисын солилцооны үйл явц бөгөөд ямар нэг юм өмсөх, арьсанд түрхэх зүйл жин хасдаггүй. Тиймээс наалт, тос, лосьон, боодол, биеийн бүс, ээмэг гэх мэтийг ашиглан турах нь худал юм. Ийм бүтээгдэхүүн зар сурталчилгаа шигээ байх боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

2021 онд БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Энзимийн молекул инженерчлэлийн лабораторийн эрдэмтэд арьснаас гадуур эмийн бэлдмэл ашиглан тураах аргыг судалсан байна. Тус судалгааны тайланд “Хэрэв хүний биеийг дасгал хөдөлгөөн, зөв хооллолтгүйгээр гаднаас нь элдэв хэрэгсэл хэрэглэж тураах боломж нээгдвэл шинжлэх ухааны маш том нээлтэд тооцогдоно. Харамсалтай нь одоогоор биеэс гадуур эмийн бэлдмэл, хэрэгсэл ашиглаж жин хасах найдвартай арга байхгүй байна. Турах гэдэг бол бодисын солилцооны үйл явц. Иймд арьсан дээр түрхдэг, наадаг ямар ч бүтээгдэхүүн мэдэгдэхүйц жин хасахгүй. Цаашид ямар нээлт хийхийг хэлэх боломжгүй ч, одоогоор зах зээл дээр буй бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй юм” хэмээн онцолжээ.

Дүгнэлт

Тэнцвэртэй хоолны дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөн хийлгүйгээр зөвхөн наалт нааж турах боломжгүй. Шалгасан мэдээлэлд чанарын баталгаагүй, үйлдвэрлэгч нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худал сурталчлан борлуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Наалтаар өөх шатааж, тураана гэж сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document