Search

Pizza Hut-ийн нэрийг ашигласан цахим залилангаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1802

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өнөөдөр л 40% хямдралтай. Үнэгүй хүргэлттэй” гэх постыг холбоос хавсарган түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цөөн дагагчтай хуурамч пэйж Pizza Hut-ийн нэр, лого, зургийг ашиглаж, постдоо хуурамч вэбсайт хавсарган, иргэдийн хувийн мэдээлэл, банкны мэдээллийг авч залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 28-нд Хоол хүргэлт гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Өнөөдөр л 40% хямдралтай. Үнэгүй хүргэлттэй” гэх постыг холбоос хавсарган түгээжээ.

Тус пэйжийн ил тод байдлыг шалгахад 66 дагагчтай, холбоо барих мэдээлэл оруулаагүй, гаднын нэртэй байснаа 2026.02.01-нд нэрээ “Хоол хүргэлт” болгож өөрчилсөн, мөн Пицца Хат, KFC хоёрын зургийг хольж ашигласан зэрэг нь залилангийн шинжийг агуулж байна.

“Өнөөдөр л 40 хувийн хямдрал” зурагт постерт “MPITSTSA.com” гэх линкийг холбож түгээжээ. Линкийн нэршлийг шинжвэл “МПИЦЦА” гэх үгийг латин үсэг рүү хөрвүүлэн “MPITSTSA” болгон вэбсайт үүсгэжээ. Вэбсайтын хэн, хэзээ, хаана үүсгэснийг шалгадаг UrlVoid хэрэглүүрээр шалгахад тус вэбсайт гуравхан хоногийн өмнө буюу 2026 оны 02 дугаар сарын 25-нд үүсжээ. Аливаа пэйж, вэбсайт цөөн хоногийн өмнө үүссэн байгаа нь залилангийн том шинж тэмдэг юм.

Залилангийн хуурамч постер

2026 оны 02 дугаар сарын 12-нд Pizza Hut Mongolia-ийн албан ёсны Фэйсбүүк пэйж иргэдийг хуурамч пэйжээс зарласан хуурамч санал, урамшууллаас болгоомжлохыг сэрэмжлүүлжээ. Цаашлаад, “Иргэдийг захиалга өгөхдөө www.pizzahut.mn, PizzaHutMongolia апп, 7555-5555 дугаарт холбогдох, эсвэл Ubeats хоол хүргэлтийн апп ашиглах зэрэг зөвхөн Пицца Хатын албан ёсны сувгуудаар үйлчлүүлээрэй” гэжээ.

Pizza Hut Mongolia-ийн сэрэмжлүүлэг (2026-02-12)

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн сэрэмжлүүлэг

2026 оны 02 дугаар сарын 12-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Сүүлийн өдрүүдэд захиалгат хоол хүргэлтийн сайтыг хуурамчаар дуурайлган бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна” хэмээн анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Зөвхөн албан ёсны вэбсайт, аппликейшнээр дамжуулан захиалга хийх
  • Сошиал сүлжээгээр илгээгдсэн сэжигтэй линк, хямдралын зар сурталчилгаанд шууд бүү итгэх
  • Урьдчилгаа төлбөр нэхсэн тохиолдолд дахин нягталж шалгах
  • Хувийн мэдээлэл, банкны картын мэдээллээ баталгаагүй эх сурвалжид оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн сэрэмжлүүлэг

Цахим орчинд бусдын нэр, лого, зургийг ашиглан жинхэнэ мэт дүр эсгэж, залилах явдал олширсоор байна. Иймд та худалдан авалт хийхээсээ өмнө түгээж буй пэйжийн ил тод байдлыг шалгах, холбосон вэбсайтыг UrlVoid, Who.is зэрэг хэрэглүүрээр нягталж байхыг зөвлөе.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн залилах гэмт хэргийн тухай удаа дараа сэрэмжлүүлж, “Ямар ч аж ахуй нэгж, байгууллага таны банкны кодыг асуухгүй. Иймд иргэдийг хуурамч хаяг эсэхийг шалгаж, банкны хувийн мэдээллээ нууцлахыг анхааруулж байна” гэжээ.

Хэрэв та энэ төрлийн залиланд өртсөн бол цаг алдалгүй 102 болон 5126-5666 дугаараар Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өнөөдөр л 40% хямдралтай. Үнэгүй хүргэлттэй” гэх постыг холбоос хавсарган түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document