2025 оны 12 дүгээр сарын 29-ны өдөр Chef’s Helper нэртэй хуудаснаас “Өдөр бүр зүүхэд тохиромжтой загварлаг цаг” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Уг бичлэг 1500 гаруй реакц, 1900-аад сэтгэгдэл авч, 289 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг нягтлахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглав.

Chef’s Helper хуудас нь нийт 928 дагагчтай ба 2025 оны 9 дүгээр сарын 10-нд нээгдсэн байна. Мөн тухайн хуудсыг Вьетнам улсаас 6 админ удирдаж буйг хаягийн ил тод байдлын хэсгээс илрүүллээ.
Цаашлаад түгээсэн мэдээллийг нь шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг байна. Ингэхдээ хоёр өөр домэйн нэртэй линк хавсаргаж, мэдээлэл түгээдэг байна.

Хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн хуурамч сайт байна. Тодруулбал, тус сайтад бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн нэр, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй ба бусад цэс рүү хандах тохиргоогүй аж.
Эл сайтад бүтээгдэхүүний хямдралын хугацаа дуусахыг харуулсан текст, график болон хувийн мэдээллээ бөглөх хэсгийг л оруулдаг байна.

Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад түгээмэл ажиглагдаг шинж чанарууд юм. Тиймээс дээрх шинж чанар бүхий баталгаагүй хуудаснаас бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж, сайтар шалгах хэрэгтэй. Учир нь иймэрхүү хаягуудаар хямдхан бараа худалдах зар түгээж, холбоосоор хандсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч, залилах нь бий.
Зургаар хайсан нь
Chef’s Helper хуудаст буй цагны зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад Alibaba, Amazon, Aliexpress зэрэг онлайн худалдааны сайтад ойролцоогоор 12,000-40,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг нь илэрлээ. Гэвч шалгасан мэдээлэлд тус цагийг “138,000-аас хямдарч 69,000 төгрөг болсон” гэж мэдээлсэн байна. Мөн уг бүтээгдэхүүнийг “Dimini”, “Kimio” болон ямар ч брэнд, логогүй хэлбэрээр сурталчилж байгаа нь ажиглагдсан. Энэ нь тухайн хуудасны баталгаагүй хийгээд бүтээгдэхүүний тодорхойгүй байдлыг илтгэх “сэжүүр” юм.
Дүгнээд хэлбэл, Гаднын улсаас удирдлагатай баталгаагүй хуудаснаас залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна. Ингэхдээ төрөл бүрийн барааны захилга авах нэрийдлээр хуурамч сайт ажиллуулж буй юм. Иймээс худалдан авалт хийхдээ үнийн мэдээлэл, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг шалгахын зэрэгцээ худалдаалж буй газрын баталгаатай байдлыг нягтлах хэрэгтэй.




