Search

Судас бүдүүрлийг эмчлэх чанар, үр нөлөө нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1800

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Судас бүдүүрлийн эсрэг тос” гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Судасны бүдүүрэлд тос, цацлага зэргийг ашиглах нь үр дүнгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 10 дугаар сарын 03-нд Mend market (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Судас бүдүүрлийн эсрэг тос” гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг нийтэлжээ. Тус пост 3,900 гаруй реакц, 2,500 гаруй сэтгэгдэл авч, 3,800 гаруй удаа цааш түгээгджээ.

Уг бичлэгийг Facebook-т төлбөр төлж, дахин түгээж байгаа учир баримтаар шалгалаа.

Шалгасан мэдээлэлд дурдсан судасны бүдүүрлийн эсрэг тосны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын үр дүнд Хятад болон Филиппиний онлайн худалдааны сайтад байршуулсан илэрцүүд гарч ирлээ. Филиппиний  Lazada худалдааны сайтад бүтээгдэхүүний орц, найрлага, үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл огт байхгүй ба “Willie Ong-ийн санал болгосон судасны бүдүүрлийн эсрэг үр дүнтэй тос” гэжээ.

2023 онд судас бүдүүрлийн цацлага гэх эмчилгээний батлагдсан үр дүн байхгүй, хуурамч бүтээгдэхүүнийг сурталчлахдаа мөн Филиппиний зүрх судасны эмч Willie Ong гэх хүний дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан болохыг IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн VERA Files баримт шалгах төв мэдээлж байсан. Тус баримт шалгалтад, 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Willie Ong өөрийн YouTube хуудсаараа өөрийнх нь нэрийг ашигласан хуурамч бүтээгдэхүүний зарын талаар анхааруулж “Би зөвхөн Birch Tree Advance-ийг л сурталчилдаг. Бусад нь бүгд хуурамч” гэж хэлснийг онцолжээ.

Түүнчлэн шалгасан мэдээлэлд дурдсан судасны бүдүүрлийн эсрэг тосны шошго дээрх нэр, зургаар хайхад бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан тайлан, судалгааны талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны сайтад судасны бүдүүрлийг судасны дотор байрлах жижиг хавхлагуудын үйл ажиллагаа алдагдсанаас үүдэн үүсдэг хэмээн тайлбарлажээ. Тухайлбал, эрүүл судсаар цус зүрх рүү чөлөөтэй урсах ба цусны урсгал буцаж урсахаас сэргийлж судасны хавхлагууд нээгдэж, хаагдаж байдаг. Харин хавхлаг гэмтсэн тохиолдолд цус чөлөөтэй урсаж чадахгүй хурж, улмаар судас өргөсөж бүдүүрдэг байна. Мөн судасны бүдүүрлийн үед дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй гэж мэдээлжээ. Үүнд:

  • Судас товойсон хэсгийн арьс хуурайших
  • Хөл янгинах, хүнд оргих
  • Шагай орчмоор хавдах
  • Хөл халуун оргих
  • Шөнө шөрмөс татах

Судасны бүдүүрэлд тос, цацлага зэргийг ашиглах нь үр дүнгүй

Их Британийн UK Vein Clinic сайтад, судас бүдүүрлийн тос нь судас бүдүүрэх өвчний үндсэн шалтгааныг эмчилдэггүйг онцолжээ. Тодруулбал, зарим тосон бүтээгдэхүүн нь арьсыг тайвшруулах, хөнгөн хавдрыг бууруулах зэрэг түр хугацааны зовуурийг намжааж болох ч судасны бүдүүрэл үүсгэдэг судасны гэмтсэн хавхлагад нөлөөлөх, цусны эргэлтийг сайжруулахад үр дүнгүй байна.

Мөн АНУ-ын Cleveland clinic төвөөс судасны бүдүүрлээс баттай урьдчилан сэргийлэх эсвэл бүрэн эдгээх арга одоогоор байхгүйг онцолжээ. Харин судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээнд дараах зөвлөмжийг өгдөг байна.

  • Хэт удаан зогсохгүй байх
  • Амарч байх үедээ хөлөө бүсэлхийнээс дээш түвшинд өргөснөөр цусны урсгалыг сайжруулна
  • Жингээ барь. Жингийн илүүдэл нь судасны бүдүүрэл үүсэх суурь шалтгааны нэг болдог
  • Тамхинаас татгалз. Тамхи татсанаар судсыг гэмтээж, цусны урсгалыг сааруулдаг
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвш
  • Судасны бүдүүрлээ сэргийлэх зориулалтын оймс, дотуур өмд өмсөх

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, мэргэжлийн эмчид хандалгүйгээр судас бүдүүрлийн эсрэг аливаа тосыг хэрэглэх нь оношилгоо, эмчилгээг хойшлуулах эрсдэлтэй. Түүнчлэн эмийн бус эмчилгээ, тос зэрэг нь зөвхөн нэмэлт эмчилгээ учир дангаар өвчин эмгэгийг бүрэн эдгээх баталгаагүй. Иймд мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн, албан ёсны эмчилгээний аргыг сонгох нь зүйтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Судас бүдүүрлийн эсрэг тос” гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Check document