Search

Гаднын удирдлагатай пэйжээс зохиомол түүхээр залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1799

Ерөнхий агуулга

Их хэмжээний мөнгө олон боломжтой онлайн тоглоом сурталчилсан богино хэмжээний түүх оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гадаад хүний зураг ашигласан, монгол нэртэй хуурамч хаягаас зохион байгуулалттайгаар онлайн тоглоом сурталчилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 12-нд Бат-Эрдэнийн Болд (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас мөнгө олон боломжтой хэмээн онлайн казино сурталчилсан зохиомол түүх бичиж нийтэлжээ. Тус постод өөрийн болон Хаан банкны апп дахь гүйлгээний зургийг хавсаргаж, Towerish нэртэй утасны тоглоомыг татах линк холбожээ. Постыг нийт 441 реакц, 151 сэтгэгдлээр идэвхжүүлж, 50 удаа цааш түгээжээ. Мөн Гантулгын Төмөр, Алтанцэцэгийн Саран зэрэг хуудаснаас төстэй түүх хуваалцаж, онлайн апп сурталчилжээ.

Хаяг шалгах

Аливаа мэдээллийг шалгахдаа хамгийн түрүүнд хаягийн ил тод байдал, ерөнхий мэдээллийг шалгах нь зүйтэй. Бат-Эрдэнийн Болд, Гантулгын Төмөр, Алтанцэцэгийн Саран хуудасны ил тод байдлыг шалгахад хуудасны нэрээ бүгд 2026 оны 01 дүгээр сарын 14-нд сольсон ба өмнөх нэрс нь ижил төстэй байжээ. Тодруулбал, Бат-Эрдэнийн Болд хуудас WT 52  гэх нэрээр нээгдэж байсан бол  Гантулгын Төмөр хуудас WT 53, Алтанцэцэгийн Саран гэх хуудас WT 99 нэрээр нээгдэж байсан. Харин бүгд 2026 оны 01 дүгээр сарын 14-нд нэрээ сольж монгол нэртэй болгожээ. Алтанцэцэгийн Саран хуудсыг  Энэтхэг, Польш, Вьетнам улсаас тус бүр нэг админ удирдаж байна. Харин бусад хуудаснууд админы мэдээллээ нээлттэй болгоогүй байна.

Мөн Эдгээр хуудаснууд пэйжийн ангилал хэсгээ “бүтээгдэхүүн үйлчилгээ, хүнсний дэлгүүр” гэж сонгожээ.

Хувь хүн Facebook-т хэрэглэх, хувийн мэдээллээ оруулахдаа пэйж (page) бус хаягийг (account) түлхүү ашигладаг. Монгол хэрэглэгч мэт нэртэй эдгээр хуудасны анх үүсгэсэн нэр төстэйгөөс гадна нэг өдөр хуудасны нэрээ сольсон нь хоорондоо хамааралтай болохыг илтгэж байна. Мөн гаднын улсаас олон админ удирдаж байгаа нь хуурамч хаяг болохыг илтгэж байна.

Агуулгыг нягтлах

Гадаадаас удирдлагатай хаягаас ихэвчлэн үг үсэг, найруулгын алдаатай мэдээлэл түгээдэг. Шалгасан хуудаснуудад орсон түүхүүд бүгд ижил агуулгатай байна. Постын эхлэл хэсэгт зовж, зүдэрсэн амьдралынхаа тухай бичиж, дараа нь хэн нэгэн онлайн тоглоом санал болгож, үүний ачаар их хэмжээний мөнгө олсон гэх агуулгыг дурджээ. Ингэхдээ ижил банкны хуулга оруулсан байна. Үүнээс харахад зохион байгуулалттай буюу хэд хэдэн хаягаас ижил агуулгатай мэдээллийг түгээж, онлайн тоглоом сурталчилжээ.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээллийн доор сэтгэгдэл үлдээсэн хаягуудыг шалгахад бүгд монгол нэртэй боловч гадаад хүний зурагтай, хувийн хаяг бус пэйж байна. Ингэхдээ эдгээр хуурамч хаягууд онлайн тоглоом тоглоод мөнгө олсон гэх ижил агуулгатай сэтгэгдэл үлдээжээ.

Зургаар хайх

Бат-эрдэнийн Болд хуудсанд оруулсан зургийг  Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбарыг @yeltayev_18 Intagram хаягт нийтэлжээ. Шалгасан хуудаст нийтэлсэн бүх зургийг тус Instagram хаягаас авсан байна. Өөрөөр хэлбэл, гадаад хэрэглэгчийн зургийг ашиглаж хуурамч түүх зохион түгээсэн байна.

Алтанцэцэгийн Саран нэртэй хуудсанд нийтэлсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбарыг 2025 оны 03 дугаар сарын 09-нд @princess_21.04 Instagram хуудаст нийтэлжээ.

Мөн Бат-Эрдэнийн Болд, Гантулгын Төмөр, Алтанцэцэгийн Саран хуудаст хавсаргасан Хаан банкны гүйлгээний хуулганы зураг ижил байгаагаас гадна алдаатай байна. Тодруулбал, тус зурагт данснаас гарсан гүйлгээний урд тухай байгууллагын логог оруулжээ. Хаан банкны гүйлгээний түүхт байгууллага, хувь хүний нэр, данс, гүйлгээ хийсэн огноо харагддаг боловч лого, зураг байдаггүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Их хэмжээний мөнгө олон боломжтой онлайн тоглоом сурталчилсан богино хэмжээний түүх оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document