Search

Сонгуульд өрсөлдөх нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг хуультай ч өөр зорилгоор ашиглахыг хориглодог

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1798

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Иргэдийн хувийн мэдээллийг АН-д гаргаж өгсөн байж болзошгүй” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн эрх бүхий этгээдийн хүсэлтээр олж авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг өөр зорилгоор ашиглаж болохгүйг холбогдох журамд заасан ч АН гишүүдийн шинэчлэлийн хүрээнд хийсэн вэбсайтдаа байршуулж ашигласан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 25-нд Оркын хаан нэртэй хуудаснаас “Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-т Цахим хөгжлийн яамны сайдаар Ц.Баатархүү, Хууль зүйн сайдаар О.Алтангэрэл нар ажиллаж байх хугацаандаа иргэдийн хувийн мэдээллийг АН-д гаргаж өгсөн байж болзошгүй” гэсэн пост оруулсан нь 1.1 мянга гаруй реакц, 64 сэтгэгдэл авч, 1.2 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Мөн цахим хэрэглэгчид овог нэр, регистрийн дугаараа оруулахад гэрийн хаяг гарч ирж байгааг шүүмжилсэн.

Сонгуулийн хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцогч намуудад цахимаар өгөхийг тусгасан

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх харилцааг зохицуулжээ. Хуулийн 20.15-д,

  • “20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ.
  • 20.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эсвлийн хүсэлтээр сонгогчдын:

  • Овог
  • Нэр
  • Нас
  • Хүйс
  • Регистрийн дугаар
  • Оршин суугаа хаяг гэсэн 6 төрлийн мэдээлэл агуулсан жагсаалтыг цахим хэлбэрээр өгөхийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааж өгсөн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугар сарын 08 -ны өдрийн А/12, А/23 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон сонгогчдын нэрийн жагсаалтай танилцах, ашиглах журам”-ыг баталсан.

Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан

Журмын 3.4-т сонгогчдын нэрийн жагсаалт авах эрх бүхий этгээдийн хүлээх үүргийг зааж өгөхдөө:

  • 3.4.1.сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэж, олшруулахгүй, тараахгүй байх;
  • 3.4.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахгүй, засварлахгүй;
  • 3.4.3.цахим хуудас, мэдээллийн самбар зэрэг нийтийн бүх төрлийн мэдээллийн хэрэгсэлд байршуулахгүй байх;
  • 3.4.4.хүний хувийн мэдээллийг нууцлах, задруулахгүй байх;
  • 3.4.5 мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, үрэгдүүлэхгүй байх;
  • 3.4.6.эрх бүхий этгээд сонгогчдын нэрийн жагсаалтыг ашигласан талаарх мэдээллийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх;
  • 3.4.7.сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан эрх бүхий этгээд хуульд заасны дагуу олгосон сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;
  • 3.4.8.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ журамд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх;
  • 3.4.9.хуульд заасан бусад.

Энэ нь АН гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэхдээ Сонгуулийн хуулийн дагуу эрх бүхий этгээдээрээ хүсэлт гаргуулан авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг ашиглахгүй гэсэн үг.

02 дугаар сарын 26-нд АН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөхдөө Сонгуулийн хуулийн 20.15 дахь заалтыг эшилсэн. Тэрээр, “2024 оны таван сард Ардчилсан намд хоёр сая гаруй сонгогчийн мэдээлэл ирсэн. Эцэг эхийн болон нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, нас, хүйс гэсэн мэдээллийг УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон бүх намуудад цахимаар олгосон байгаа. Иймд АН-ын гишүүн байгаа болон гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж байгаа мэдээллийг баталгаажуулж, регистрийн дугаараа хийж, ороод өөрийнхөө мэдээллийг баталгаажуулах зорилгоор цахим системдээ тэр мэдээллийг байршуулсан байсан. Харамсалтай нь иргэд өөрсдийнхөө мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээнд байршуулсантай холбоотойгоор түр хугацаагаар тухайн мэдээллүүдийг хаачихсан байгаа. Бидэнд хуулийн зөрчил байхгүй. Иргэд өөрсдийнхөө мэдээллийг орж үзчихээд сошиал сүлжээнд байршуулсан. Үүнд зохицуулалт хийсэн. Сонгуулийн тухай хууль дээр “цахимаар олгоно” гэсэн болохоос яг энэ үед ашиглана гэсэн нарийн зохицуулалт байхгүй. Тиймээс улс төрийн намын хувьд намын гишүүд өөрсдөө сонгогч учир сонгогчийн бүртгэл давхцахгүй байлгах зорилгоор иргэн өөрөө орж шалгахаар болгосон асуудал байсан” гэж ярьсныг eguur.mn сайтад мэдээлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд Хүний хувийн мэдээлэл хамгаалах  тухай хууль зөрчихөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан. Үүнд “1.Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Дүгнэхэд, Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн эрх бүхий этгээдийн хүсэлтээр олж авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг өөр зорилгоор ашиглаж болохгүйг холбогдох журамд заасан ч АН гишүүдийн шинэчлэлийн хүрээнд хийсэн вэбсайтдаа байршуулж ашигласан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Иргэдийн хувийн мэдээллийг АН-д гаргаж өгсөн байж болзошгүй” гэх мэдээлэл түгээжээ.

Check document