2026 оны хоёрдугаар сарын 08-нд Ganbaatar Gerelee (архивласан хувилбар) гэх хаягаас 2 минут 36 секундын урттай “Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах нь ээ. Усны ундраганы ойр ухах нь ээ. Уух усгүй болох нь ээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост нийт 1,200 гаруй реакц, 111 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,200 гаруй удаа цааш түгээжээ.
Тус бичлэгт, “Хамгийн сүүлийн мэдээгээр Дорноговьд Арева компани хоргүй гээд бид ямар ч хор нөлөө үзүүлээгүй гээд байсан компани маань бүүр нөлөөллийн бүс тогтоогоод лицензтэй талбайгаас 5км-ийн зайд айлуудыг нүүлгээд эхэлсэн. Үндсэндээ энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр хортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг” хэмээн ярьжээ.
Мөн 2026 оны 01 дүгээр сарын 24-нд Shandiin Dogoo хаягаас “Улаанбадрах суманд Нөлөөллийн Бүс тогтоосон гэнэ үү Ороно компани Энэ аюулын харанга дэлджээ Монголчуудаа” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост нийт 92 реакц, 72 сэтгэгдлээр идэвхжүүлж, 209 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Улаанбадрах суманд одоогоор нөлөөллийн бүс тогтоогоогүй
2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч уг Хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөллийн бүсийг тодорхойлсон, энэ талаар тусгайлан зохицуулсан заалт одоогоор байхгүй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа 25.1.7-д зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний баримт бичгийг хавсаргана гэж зааснаас өөрөөр нөлөөллийн бүсийг тодорхойлох, тогтоохтой холбоотой тусгай зохицуулалт агуулагдаагүй байна.
Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ураны тайлбайгаас 5 километрын радиуст айл байхгүй
Бид Google earth хэрэглүүр ашиглан шалгахад Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны ордоос 5 километрын радиуст айл байгаагүй.

“Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж байна
Б. Уянга, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн зэрэг гишүүдийн санаачилсан “Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авахаар 2025 оны 07 дугаар сарын 8-ны өдөр d.parliament.mn цахим хуудаст байршуулжээ.

Харин Ganbaatar Gerelee гэх хаягаас нийтэлсэн бичлэгт харуулж буй бичиг нь дээрх “Чухал ашигт малтмалын тухай хуулийн төслийг дэмжих тухай” баримт бичиг байна.
Тус баримт бичгийн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д нэмэлт оруулах хүрээнд тусгасан 4.2 дахь хэсэгт “ашигт малтмалын” гэсний дараа “болон чухал ашигт малтмалын” гэж нэмсүгэй” гэж тэмдэглэсэн байна.
Харин шалгасан мэдээлэлд “ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж усны ундраганы ойр ухах нь” хэмээн дэгсдүүлж мэдээлжээ.

Түүнчлэн дээрх боловсруулж буй хуулийн төслийг дэмжих тухай баримт бичгийн 3.1.3-д “нөлөөлөлд өртөх бүс” гэж уурхайн эдэлбэр газар, овоолго ба чулуулаг хадгалах талбай, үйлдвэр, химийн бодис, түлш хадгалах агуулах, хаягдал усны сан болон ус дамжуулах хоолой, усан сан, олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дэд бүтэц, замын сүлжээ, ажилчдын кемп, төслийн хаягдлын далангаас гадагш 10 км-ын радиуст хамаарч байгаа орон зайг” хэмээн тодорхойлжээ.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, Улаанбадрах суманд одоогоор нөлөөллийн бүс тогтоогоогүй бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөллийн бүсийг тодорхойлох, тогтоохтой холбоотой тусгай зохицуулалт одоогоор байхгүй байна.
Мөн “Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд тус хуулийн төслийн заалтыг дэгсдүүлж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.





