Азын байр/ Aziin bair (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудаснаас “Өнөөдөр нэгдэж 10,000,000 төгрөг хожоорой” гэх тайлбартай бичлэгийг төлбөр төлж түгээж байна. Уг пост 3,100 гаруй реакц, 1,100 гаруй сэтгэгдэл авч, 140 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
“Азын байр/ Aziin bair” гэх нэртэй Facebook хуудаснаас сугалаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эд мөнгөний хонжворт сугалаа явуулж байна
2025 оны 7 дугаар сарын 25-нд нээгдсэн уг хуудасны пэйжийн ил тод байдлыг шалгахад Монгол улсаас 5 админ удирдаж байна. Харин хуудасны танилцуулга хэсэг нь хоосон буюу хаяг, холбоо барих мэдээлэл, сугалаа явуулах тусгай зөвшөөрлийн талаарх дэлгэрэгүй мэдээлэл байхгүй байна.

Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар эд мөнгөний хонжворт сугалаа явуулахад тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг
Зөвшөөрлийн тухай хууль-ийн 6.5-д зааснаар “эд, мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаардсан ангилалд хамаарна” гэжээ.

Одоогоор Монгол улсад эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байна
2026 оны 01 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Одоогоор Сангийн яамны эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Харин хувь хүнд сугалаа явуулах эрх одоогоор олгоогүй байна.
Иймд иргэдийг сугалаанд оролцохоосоо өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэж сэрэмжлүүлсэн.
Дээрх хуудасны нэр, логог дуурайлгасан гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудас мөн ажиллуулж байна
2025 оны 11 дүгээр сарын 26-нд Mongolmine гэх нэртэй байсан facebook хуудас 2025 оны 12 дугаар сарын 3-нд нэрээ өөрчилж, дээрх хуудасны “Азын байр/ Aziin bair” гэх нэртэй адил болгожээ.
Тус пэйжийн ил тод байдлыг шалгавал Нигери улсаас 3 админ удирдаж байна.

Түүнчлэн монгол админтай “Азын байр/ Aziin bair” нэртэй хуудасны бүх зураг, бичлэгийг нь хуулж, өөр дансны дугаар байршуулжээ.

Түгээсэн зураг, бичлэгийг шалгах нь
Бид гаднын улсаас удирдлагатай Азын байр/ Aziin bair гэх хуудасны хамгийн сүүлд түгээсэн зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг таних Hivemoderation хэрэглүүрээр шалгахад, 99.9% хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэсэн дүн гарлаа.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, сугалаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эд мөнгөний хонжворт сугалаа явуулж байгаа Facebook хуудсыг гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудас хуулбарлаж, өөр данс байршуулан иргэдийг залилж байна.
Цахим орчин тэр дундаа Фэйсбүүк лайваар хусдаг, үнэт чулуу зэрэг янз бүрийн нэртэй сугалаа явуулж иргэдийг залилах, хохироох явдал түгээмэл болсон. Иймд та аливаа сугалаа, хонжворт тааварт оролцохдоо тухайн аж ахуйн нэгжийг Сангийн яамнаас олгодог эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудас руу орж шалгаж байхыг зөвлөе.



