Search

“Унтуулдаг эфирийн тос” гэх бүтээгдэхүүн батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1793

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ургамлын гаралтай унтуулдаг эфирийн тос” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг бүтээгдэхүүний найдвартай байдлыг мэргэжлийн байгууллагаас бүрэн баталсан эсэх мэдээлэл байхгүй. Тус бүтээгдэхүүний гол орц болох агар модыг нойрны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргаар ашиглахын тулд илүү нарийн судалж, шинжлэх шаардлагатай байгаа тул батлагдсан арга гэж үзэх боломжгүй юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Aromatherapy – Sleep Care нэртэй хуудаснаас “Ургамлын гаралтай унтуулдаг эфирийн тос” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 1400 гаруй реакц, 1900-аад сэтгэгдэл авч, 682 удаа цааш түгээгдсэн байна.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд хуудасны ил тод байдлын хэсгийг нягтлав. Шалгалтаар тус хуудас нь 2025 оны 12 дугаар сарын 2-нд нээгдсэн, Вьетнам улсаас админ удирдлагатай нь илэрлээ.

Уг хуудаснаас мэдээлэл түгээхдээ хаяг байршил, холбогдох дугаар гэх мэт нэмэлт мэдээлэл огт бичдэггүй. Худалдан авалтаа зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандахыг уриалж, богино хугацаанд шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай үе хэллэг ашигладаг нь ажиглагдлаа. Эдгээр нь цахим залилангийн үед ажиглагддаг шинж чанарууд юм.

Бүтээгдэхүүний баталгаатай байдлыг олон улсын байгууллагаас итгэмжилсэн эсэх нь тодорхойгүй байна.

Олон улсын мэргэжлийн байгууллагаас уг бүтээгдэхүүнийг итгэмжилсэн эсэх тухай ямар ч албан мэдээлэл байхгүй. Аюулгүй байдал, үр нөлөөг баталсан судалгааны материал ч илэрсэнгүй.

Харин анхан шатны баримт шалгах аргын дагуу Google Lens хэрэглүүр хайхад зөвхөн олон улсын худалдааны сайтуудад илэрцтэй байна. Ингэхдээ ойролцоогоор 6700-12000₮ үнэтэй байна. Тухайлбал, Lazada олон улсын худалдааны сайтад тус бүтээгдэхүүнийг 182.08 буюу 11250 орчим төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Иймд аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахын өмнө нэмэлт судалгаа хийж, нягтлах нь зохистой. Учир нь батлагдаагүй бүтээгдэхүүнийг бодит үнээс нь хэт өндрөөр эсвэл багаар үнэлж борлуулах нь залилангийн шинжтэй үйлдэл юм.

Агар модны амин /эфирийн/ тосны урт хугацааны нөлөө нь бүрэн батлагдаагүй байгаа тул нэмэлтээр судлах шаардлагатайг олон төрлийн судалгаанд дурдсан байна.

Тус бүтээгдэхүүний гол найрлага болох агар модны ханд нь нойрны чанарыг дэмжиж, тайвшруулахад тустай талаар судалгаануудад тэмдэглэсэн байна. Гэвч урт хугацааны нөлөө хийгээд эмчилгээний түвшинд хэрэглэхүйц хэмжээнд батлагдаагүй байгаа гэдгийг ихэнх судалгаанд тодруулжээ. Энэ талаар АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд 2017 онд нийтлэгдсэн “Агар модноос гаралтай амин тосны тайвшруулж, нойрсуулах нөлөөний тухай” судалгаанд дурдсан байна. Тодруулбал, агар модны амин тос нь тайвшруулж, нойрсуулах нөлөө үзүүлж буй нь ажиглагдсан ч нойрны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргаар ашиглах боломжгүй. Энэ хүрээнд илүү нарийн судалгаа хийж, баталгаажуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Мөн 2022 оны “Агар модны амин тосны идэвхтэй бодисууд, үйлчлэлийн механизм, нойронд үзүүлэх нөлөө” нэртэй лабораторийн тусгай аргаар шинжилсэн судалгаанд “эл тос нь идэвхт нэгдлүүд, бүрэлдэхүүний ялгаатай байдал, хэрэглэх арга зэргээс үүдэн хүн бүрд харилцан адилгүй үйлчилнэ” гэж тэмдэглэжээ. Тиймээс дэгдэмхий үнэрт нэгдлүүд, молекулын түвшин зэргийг гүнзгийрүүлэн судалж, нягтлах шаардлагатай гэж үзсэн байна. Учир нь хавсарга бодисуудын харилцан үйлчлэл нь бүрэн судлагдаагүй байгаа тул үр нөлөө нь тодорхой бус байгаа аж.

Дүгнээд үзэхэд, Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүний найдвартай байдлыг мэргэжлийн байгууллагаас бүрэн баталсан эсэх мэдээлэл байхгүй. Тус бүтээгдэхүүний гол орц болох агар модыг нойрны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргаар ашиглахын тулд илүү нарийн судалж, шинжлэх шаардлагатай байгаа тул батлагдсан арга гэж үзэх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ургамлын гаралтай унтуулдаг эфирийн тос” гэх мэдээлэл түгээжээ.

Check document