Search

“Энэ жил дэлхий 7 секундийн турш татах хүчгүй болно” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1791

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Энэ жил дэлхий 7 секундийн турш татах хүчгүй болно” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

НАСА-аас “дэлхий татах хүчгүй болно” гэж таамагласан тухай албан ёсны мэдээлэл огт байхгүй ба дэлхий нийт массаа алдахгүй л бол татах хүчгүй болно гэсэн ойлголт байхгүй тухай НАСА-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 23-нд English Bayar (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Дэлхийн татах хүч энэ жил 7 ceкунд ажиллахгүй болно гэж  NASA таамаглав гэнэ.Гадуур явж байж гадаад гариг руу одчихов оо” гэх мэдээллийг жингүйдэж буй мэт зураг хавсарган нийтэлжээ. Тус постыг нийт 304 реакц, 65 сэтгэгдлээр идэвхжүүлж, 22 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар хайхад сошиал медиа платформуудад “2026 оны 08 дугаар сарын 12-нд Дэлхий 7 секундийн турш татах хүчгүй болно” гэх мэдээлэл өргөн хэмжээгээр түгжээ. Уг мэдээлэл @mr_danya_of нэртэй Intagram хаягт 2026 оны 12 дугаар сарын 31-нд нийтлэгдсэн бичлэгээс эх сурвалжтай тухай Snopes баримт шалгах төвийн баримт шалгалтыг тайланд дурдсан. Тодруулбал, тус бичлэгт “2024 оны 11 дүгээр сард НАСА-ийн “Project anchor” гэх нууц төслийн бичиг баримт задарсан ба тус баримтад Дэлхий 2026 оны 08 дугаар сарын 12-нд 7 секундийн турш татах хүчгүй болно” гэсэн агуулгыг дурдаж, процессыг секунд бүрээр нь тайлбарлан бичжээ. Мөн татах хүчгүй болох мэдээллийг 2026 оны 08 дугаар сарын 12-нд болох нарны хиртэлттэй холбон тайлбарласан байна.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Snopes баримт шалгах төвөөс НАСА-ийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож, тодруулахад “дэлхий татах хүчээ алдахгүй” хэмээжээ.

“Дэлхий 2026 оны 8 дугаар сарын 12-нд татах хүчээ алдахгүй. Дэлхийн татах хүч буюу нийт таталцлын хүч нь түүний массаас хамаардаг. Дэлхий татах хүчээ алдах цорын ганц боломжит үзэгдэл нь дэлхийн систем буюу цөм, манти, царцдас, далай тэнгис, хуурай газрын ус, агаар мандлын нийт масс багасах явдал юм. Нарны бүтэн хиртэлт нь дэлхийн татах хүчинд ямар нэгэн ер бусын нөлөө үзүүлдэггүй. Нар болон Сарны дэлхийд үзүүлэх таталцлын хүч нь дэлхийн нийт татах хүчинд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн далайн түрлэгт нөлөөлдөг. Энэхүү үзэгдэл нь шинжлэх ухааны хувьд тодорхой бөгөөд хэдэн арван жилийн өмнөөс урьдчилан таамаглах боломжтой байдаг” хэмээн НАСА-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарласан.

Үргэлжлүүлэн Google-ээс НАСА-ийн сайтад нийтлэгдсэн мэдээллүүдээс “татах хүчний гажуудал”, “project anchor” гэх түлхүүр үгээр шүүхэд шалгасан мэдээлэлтэй холбоотой илэрц байхгүй байна.

Мөн Fist Post мэдээллийн сайтаас дэлхий татах хүчээ алдана гэх мэдээллийг баталгаагүй болохыг мэдээлсэн ба НАСА-ийн нууц төсөл, 7 секундэд татах хүчээ алдана гэдгийг баталсан шинжлэх ухааны нотолгоо, шинжлэх ухаанд суурилсан сануулга зэрэг огт байхгүй тухай онцолсон.

Дүгнэвэл, НАСА-аас “дэлхий татах хүчгүй болно” гэж таамагласан тухай албан ёсны мэдээлэл огт байхгүй ба дэлхий нийт массаа алдахгүй л бол татах хүчгүй болно гэсэн ойлголт байхгүй тухай НАСА-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Энэ жил дэлхий 7 секундийн турш татах хүчгүй болно” гэх мэдээлэл түгээжээ.

Check document