Search

“Желатинаар үений шингэн нөхдөг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1790

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Желатин үений шингэн нөхдөг” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Желатин буюу гидролизжуулсан коллаген нь гурвалсан мушгиа бүтэцгүй, идэвхтэй эпитопууд алдагдсан коллагены хэлбэр тул байгалийн гаралтай коллаген шиг үе мөчинд эерэг нөлөө үзүүлэхгүй. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан арга техникээр үений шингэн нөхдөг болохыг харуулсан албан ёсны судалгаа, баримт байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны хоёрдугаар сарын 10-нд Анагаах Увидас (архивласан хувилбар) хуудаснаас “Желатин үений шингэн нөхдөг” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост нийт 8,900 гаруй реакц, 275 сэтгэгдлээр идэвхжүүлж, 5,400 гаруй удаа цааш түгээжээ.

Тус бичлэгт, “20 граммын савлагаатай желатиныг 4–5 хувааж, 200 гр буцалсан усанд хийж хонуулна. Өглөө нь цэлцгэнүүр болж хувирна. Энэ нь үений шингэнийг нөхөхөд тустай гэж үздэг. Желатиныг хэрэглээд олон хүн үр дүнг нь харсан байдаг. Гэхдээ зарим хүнд тохирохгүй тохиолдол бий. Хэрэв харшлын шинж тэмдэг илэрвэл (загатнах, тууралт гарах гэх мэт) хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Желатин нь хүнсний зориулалттай, талх нарийн боовонд өргөн хэрэглэгддэг тул ерөнхийдөө аюулгүй гэж үздэг. Үр дүнг харахын тулд тууштай, удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай. Ганц хоёр удаа, эсвэл богино хугацаанд хэрэглээд шууд үр дүн гарахгүй. Харин тогтмол хэрэглэсний дараа эерэг өөрчлөлт илэрч болно” гэжээ.

Желатин нь амьтны эдээс гаргаж авсан коллагены боловсруулсан хэлбэр бөгөөд ихэвчлэн гахайн арьс, үхрийн шир, яснаас авдаг байна. Бид PubMedResearchGateScienceDirect зэрэг судалгааны сангаас “үений шингэн, желатин” зэрэг түлхүүр үгээр хайлт хийсэн.

Илэрцээр гарч ирсэн 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд нийтлэгдсэн Үений эрүүл мэндэд зориулсан коллагены нэмэлт: Найрлага ба шинжлэх ухаанд суурилсан ойлголт гарчигтай судалгаанд тайлбарласнаар, коллаген нь хэд хэдэн төрөл, бүтэцтэй бөгөөд байгалийн гаралтай type II төрлийн коллаген нь үений үрэвсэлд шууд нөлөө үзүүлэх боломжтой байна. Харин желатин болон гидролизжуулсан коллаген нь гурвалсан мушгиа бүтэц, холболт, идэвхтэй эпитопуудыг бүгдийг алдсан байдаг тул үений үрэвсэл буюу остеоартритэд үзүүлэх нөлөө байхгүй байна.

Коллаген бүтээгдэхүүний молекулын онцлог, Эх сурвалж: PubMed

Харин 2008 онд хийгдсэн “Идэвхтэй хөдөлгөөнтэй холбоотой үе мөчний өвдөлттэй тамирчдад хоолны нэмэлт болгон гидролизжуулсан коллаген хэрэглэх 24 долоо хоногийн судалгаа” гарчигтай туршилтаар гидролизжуулсан коллаген хэрэглэх нь остеоартриттай өвчтөнүүдэд үр дүнтэй болохыг судалгаагаар баталсан гэжээ. Гэвч уг судалгааг GELITA Health гэх коллаген пептидэд суурилсан нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага санхүүжүүлсэн болохыг төгсгөлд нь дурджээ.

Эх сурвалж: PubMed

Эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний WebMD сайтад, желатиныг хоол хүнсэнд агуулагдах хэмжээнд хэрэглэх нь ерөнхийдөө аюулгүй гэж үздэг боловч эмчилгээний зорилгоор өндөр тунгаар буюу өдөрт 15 граммаас их хэмжээгээр, удаан хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг дурджээ.

Тухайлбал, хоолой өвдөх, буйл хавдах, аманд шарх гарах зэрэг эрсдэлтэй. Мөн жирэмсэн болон хөхүүл үед эмийн зориулалтаар хэрэглэх нь аюулгүй эсэхийг нотлох хангалттай судалгаа, мэдээлэл байхгүйг онцолжээ.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, желатин буюу гидролизжуулсан коллаген нь гурвалсан мушгиа бүтэцгүй, идэвхтэй эпитопууд алдагдсан коллагены хэлбэр тул байгалийн гаралтай коллаген шиг эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхгүй. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан арга техникээр үений шингэн нөхдөг болохыг харуулсан албан ёсны судалгаа, баримт байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Желатин үений шингэн нөхдөг” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ.

Check document