2026 оны 02 дугаар сарын 19-нд Жүрмэд Занаа нэртэй Фэйсбүүк хаяг “Архи, спирт чинь вакцины хорны эсрэг бодис байсан байна шүү дээ. Ийм л АУ, ШУ Монголд үйлчилж байна даа” гэх агуулгатай постыг нэгэн зургийн хамт түгээжээ. Тус постыг 284 реакц, 46 сэтгэгдлээр идэвхжүүлж, 89 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Бид түгээсэн зургийг Google Lens болон Yandex хайлтын систем ашиглан хайхад, ОХУ-ын “Первый отдел” нэртэй олон ангит киноны гуравдугаар бүлгийн наймдугаар ангийн хэсэг гарч ирлээ.
Тус ангийн 08 минут 39 дахь секундийн хэсэг нь түгээсэн зурагтай таарч байна. Цаашлаад 08 минут 25-40 секундийн хооронд гарах харилцан яриаг орчуулбал:
- A: Өвчтөнүүд корпорацын үдэшлэг зохион байгуулж байгаа гэж надад хэлсэн. Хэрэв би таны оронд байсан бол тогооч эсвэл хоол хүргэсэн хүнийг шалгах байсан.
- Б: Зөвлөгөө өгсөн баярлалаа. Бид үүнийг судлах болно.
- A: Бас нэг чухал зүйл. Архи. Энэ үдэшлэг дээр уусан дарс, коньяк, архи зэрэг нь нэг төрлийн антидоть (эсрэг эм) болж үйлчилсэн. Хэрэв өвчтөнүүд уугаагүй байсан бол бүх зүйл үүнээс ч дор байх байсан.

“Первый отдел” нэртэй ОАК-ны 03 дугаар бүлгийн наймдугаар ангийн хэсгээс:
Дүгнээд хэлбэл, “Первый отдел” нэртэй ОХУ-ын ОАК-ны 03 дугаар бүлгийн 08 дугаар анги дээр гарах “Өвчтөнүүд согтууруулах ундааны төрөл хэрэглэсэн нь хордлогыг хүндрүүлэхээс сэргийлсэн” гэх агуулгатай хэсгийн зургийг таслан авч, “Архи, спирт чинь ковидын вакцины хорны эсрэг бодис байна шүү дээ” хэмээн төөрөгдүүлсэн агуулгатайгаар түгээжээ.
Цахим орчинд иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх, манипуляц хийх зорилготойгоор холбоо хамааралгүй зураг, бичлэгийг өөр агуулгатайгаар түгээх явдал түгээмэл байдаг. Иймд та аливаа зураг, бичлэг агуулсан пост, мэдээ, мэдээлэл авахдаа эх сурвалжийг нь шалгаж хэвшээрэй.




