Search

“Вакцин тарих үед хэдэн тэрбум вирус бие махбод руу орно” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1788

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Вирусийн халдвар авах үед цөөн тооны вирус л биемахбод руу орно. Вакцин тарих үед хэдэн зуун саяас хэдэн тэрбум вирус нэг дор биемахбод руу нь оруулна”  гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүний бие рүү нэвтрэх вирусийн тоо нь харилцан адилгүй байдаг. Цөөхөн вирусийн халдвар ч өвчин үүсгэж, хүндрүүлэх боломжтой. Харин вакцинд агуулагдах вирусийн хэмжээ нь хүнд гэм хор учруулахааргүй сулруулсан байдаг тул дархлааны системийг өдөөж, өвчнөөс хамгаалахад тусалдаг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны хоёрдугаар сарын 9-нд Ulziitogtokh Tsedev нэртэй хуудаснаас “Вирусийн халдвар авах үед цөөн тооны вирус л бие махбод руу орно?!.. Вакцин тарих үед хэдэн зуун саяас хэдэн тэрбум вирус нэг дор бие махбод руу нь оруулна?!.”  гэсэн пост нийтэлсэн байна. Уг постууд 194 реакц, 6 коммент авч, 59 удаа цааш түгээгджээ.

Вирусийн халдвараар хэчнээн ширхэг вирус хүний бие рүү ордог тухай тогтсон тоо байхгүй. Гэвч биед маш бага тооны вирус орсон ч халдвар үүсэх боломжтой. Халдвар авсны дараа вирус маш хурдан үржиж, өвчлөл үүсгэдэг. Энэ талаар PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчноор дамжин халдварладаг амьсгалын замын болон гэдэсний вирусийн халдвар үүсгэх хамгийн бага тун” нэртэй судалгаанд сайн дурын хүмүүст хийсэн туршилтаар ≤1 TCID₅₀ (нэг нэгж халдварлах тун буюу ойролцоогоор 10-500 ширхэг вирусийн бөөм) хэмжээтэй томуу, риновирус, мананцар зэрэг вирус нь оролцогчдын 50%-ийг халдварлуулж байсан гэж дурджээ. Уг тун маш бага хэмжээнд тооцогдог ч олон хүнийг өвчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар бага хэмжээтэй байсан ч өвчлөл үүсгэх эрсдэлтэй аж.

Сануулахад, эл судалгаанд лабораторийн орчинд бага хэмжээтэй вирусийн хүрээнд шинжилсэн материалыг дурдсан. Харин бодитоор хувь хүний дархлаа, биеийн байдал, орчин нөхцөл, вирусийн төрөл зэргээс хамааран илүү олноор нэвтэрч, халдвар хүндээр илэрч болно.

Вакцины зарим нь л вирусэд суурилсан байдаг бөгөөд хүний биед сөрөө нөлөө үзүүлж, өвчин үүсгэхээргүй хэмжээнд идэвхтэй найрлага агуулсан байдаг. Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг Vaccine Knowledge сайтад “Идэвхтэй найрлага гэдэг нь вирус, бактери агуулсан хэлбэр юм. Эдгээр нь дархлааны тогтолцоог өдөөн, өвчний эсрэг тэмцэх эсрэг бие үүсгэхэд тусалдаг. Хүрээлэн буй орчин дахь вирус, бактерийн тоотой харьцуулахад вакцинд агуулагдах идэвхтэй найрлагын хэмжээ хэдхэн микрограмм (граммын саяны нэг) байдаг” гэж мэдээлсэн байна.

Вакциныг:

  • амьд сулруулсан вирус, нян (live-attenuated vaccine) 
  • идэвхгүйжүүлсэн (non-live vaccine, inactivated vaccine) гэж ангилдаг. 

Амьд сулруулсан вирус гэдэг нь тухайн вирусийг лабораторийн орчинд тусгай аргаар “сулруулсан” буюу хор хөнөөл багатай болгосон хэлбэр юм. Ийм төрлийн вакцинд хамрагдсаны дараа хүний дархлааны эс уг вирусийг таньж, дарангуйлах “сургуулилт” хийдэг.  Ингэснээр дархлааны систем хөгжиж, жинхэнэ вирусийн халдварыг хурдан таньж, хүчтэй хариу үйлдэл үзүүлж, өвчнөөс хамгаалдаг байна.

Идэвхгүйжүүлсэн вакцин гэдэг нь өвчин үүсгэгчийг химийн аргаар идэвхгүй болгож, үхүүлсэн хэлбэрээр ашиглах арга юм. Энэ нь амьд сулруулсан вакцин шиг хүчтэй, урт хугацааны дархлаа үүсгэдэггүй. Тиймээс хамгаалалт тогтоохын тулд хэд хэдэн тун нэмэлтээр хийх шаардлагатай болдог аж. Эдгээр вакциныг үйлдвэрлэхдээ шаардлагатай материалуудын хэмжээг маш нарийн тооцоолж, өвчин үүсгэлгүйгээр дархлааны ой тогтоолтыг өдөөхөөр загварчилсан байдаг.

Дүгнээд хэлбэл, хүний бие рүү нэвтрэх вирусийн тоо нь харилцан адилгүй байдаг. Гэвч цөөхөн вирусийн халдвар ч өвчин үүсгэж, хүндрүүлэх боломжтой байдаг. Харин вакцинд агуулагдах вирусийн хэмжээ нь хүнд гэм хор учруулахааргүй загварчлагдсан байдаг тул дархлааны системийг өдөөж, өвчнөөс хамгаалахад тусалдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Вирусийн халдвар авах үед цөөн тооны вирус л биемахбод руу орно. Вакцин тарих үед хэдэн зуун саяас хэдэн тэрбум вирус нэг дор биемахбод руу нь оруулна”  гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document