2026 оны 02 дугаар сарын 11-нд Delgermaa Beckbat (архивласан хувилбар) нэртэй хаягаас “АНУ-ын 7 хотын 234 авлигад идэгдсэн шүүгчдийг FBI баривчилжээ.11.02.2026” гэх тайлбартай Fox News телевизийн мэдээний хэсгийн зургийг нийтэлжээ. Тус постыг нийт 740 реакц, 83 сэтгэгдлээр идэвхжүүлж, 348 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан зургийн баруун доод буланд Fox телевизийн мэдээний хөтөлбөрийн лого харагдаж байна. Иймд Fox News мэдээллийн сайт болон мэдээний бичлэг нийтэлдэг Youtube сувгаас “FBI (Холбооны мөрдөх товчоо)”, “234 шүүгч” гэх түлхүүр үгээр хайхад илэрцгүй байна. Мөн АНУ-ын бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас “234 шүүгч баривчилсан” гэх агуулга бүхий мэдээ огт нийлээгүй.
Үргэлжлүүлэн АНУ-ын Холбоооны мөрдөх товчооны албан ёсны сайт дахь мэдэгдэл, мэдээ цэсээс “234 шүүгч” гэх түлхүүр үгээр хайхад “7 мужийн 234 шүүгчийг баривчилсан” гэх мэдээлэл огт байхгүй байна.
Шалгасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад одоогоор цахимд байршуулсан хамгийн анхны хувилбар нь 2025 оны 02 дугаар сарын 02-нд @raidswithice Youtube сувагт нийтлэгдсэн 23 минутын урттай бичлэг илэрцээр гарч ирлээ. Тус бичлэгт “…2026 оны 01 дүгээр сарын 30-нд 7 мужийн 234 шүүгчийг баривчилсан” гэж дурджээ. Иймд АНУ-ын ХМТ-ноос 2026 оны 01 дүгээр сарын 30-аас хойш гаргасан мэдэгдлүүдийг шүүхэд “234 шүүгч баривчилсан” гэх мэдээлэл огт байхгүй байна.

@raidswithice Youtube сувгийн бичлэгүүдийг харвал бүгд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Мансууруулах бодистой тэмцэх газар, Хууль зүйн яам зэрэг байгууллагаас гэмт хэрэгтнүүдийг баривчилсан гэх агуулгатай байна. Бичлэг бүрийг хиймэл оюунаар бүтээсэн ба Fox News мэдээний хөтөлбөрийн логог байршуулжээ.
Үүнээс харахад мэдээний сувгийн логог ашиглаж баталгаагүй мэдээлэл түгээснийг монгол руу орчуулан түгээжээ.
Дүгнэлт
Fox News мэдээний хөтөлбөрт “ХМТ 234 шүүгчийг баривчилсан” гэх мэдээлэл огт гараагүй ба ХМТ-ны албан ёсны сайтад энэ тухай мэдээлэл огт байхгүй байна. Мэдээний сувгийн логог ашиглаж баталгаагүй мэдээлэл түгээдэг Youtube сувгаас гаргасан мэдээллийг монгол руу орчуулан түгээжээ.




