2026 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Honh.mn (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook хуудаснаас “Хүний эрүүл мэндэд асар хортой , сүлжээний “HERBALIFE”-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ” гэх агуулгатай пост нийтэлжээ. Тус постыг 2,300 гаруй реакц, 539 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,200 гаруй удаа цааш түгээжээ.
Тус постод дурдагдсан агуулгаас баримтаар шалгах боломжтой мэдээллүүдийг доор жагсаалаа.
- Олон улсын санхүүгийн луйврын хэргийг мөрдөх товчооноос “Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, иргэдээ дээдэлсэн хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээлэл хийсэн.
- Дэлхийн олон улс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эх орондоо худалдаалахыг хориглож, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж эхэлсэн.
- 2016 онд Швейцарийн Бёрнийн их сургуулийн эрдэмтэд элэгний өвчин, “Herbalife”-ийн бүтээгдэхүүний хооронд ямар хамаарал буйг судалсны дараа хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг сануулсан юм.
- Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтөнүүд “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан!
- Элэгний эсийг хордуулагч бодис агуулдаг нь эрдэмтдийн нарийн лабортари судалгаагаар тогтоогдож хориглосон байдаг.
- 2017 онд Итали, Исланд, Португали зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдагийг нотолжээ.
- 2018 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife”-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулж. энэ талаараа эрдэм шинжилгээний баталгаат өгүүлэл бичдэг сэтгүүл дээрээ хүртэл анхааруулан бичиж байжээ. Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг.
- 2013 онд Бельги улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг ч тогтоожээ. Үүнээс үүдэн Канад, АНУ хувь хүнээр дамжуулан “Эрүүл мэндийн гурвалжин”-гийн бүтээгдэхүүнийг борлуулах нь хууль зөрчсөн, хүний эрүүд мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзжээ.
- Өнөөдөр ч гэсэн АНУ-ын Худалдааны танхимд “Herbalife”-тай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа.
- Одоогийн байдлаар “Herbalife” компани зарим нэгэн бүтээгдэхүүн дээрээ өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болоод байгаа.
- “Herbalife”-ийн худалдааны борлуулалт нь худалдааны зарчмыг илтэд зөрчиж байгаа төдийгүй бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгааг Холбооны мөрдөх товчоо илрүүлж, энэ талаар мөрдлөг шалгалт хийж эхэлсэн байна.
- Энэ бүхнээс хамгийн ноцтой нь бүтээгдэхүүнүүдэд нь ордог орц найрлага нь тодорхой бус, хүний биеийг эрүүлжүүлэх, залуужуулах ямар ч боломжгүй, баталгаагүй. Харин ч бүр ихэнх “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд кокаинд орц найрлага багтдаг.
- “Herbalife” -ийн бүтээгдэхүүний найрлагад Түвдийн ургамлын гаралтай ямар ч тураах бодис байхгүй.
- Манай улсад энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирсэн хүмүүсийн ар талд бас л улстөрийнхөн хутгалддаг. “Монгол глобал” гэх компани “Herbalife” компанид байраа түрээслүүлсэн нэртэйгээр хамтран ажилладаг бөгөөд харин энэхүү компаний ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа байдаг гэх яриа байдаг
FACTCHECK:
2022 онд “Herbalife нь эрүүл мэндэд хортой, хориотой бүтээгдэхүүн” гэх төөрөгдүүлсэн мэдээллийг бид энд баримтаар шалгаж байсан. Харин дахин түгээсэн мэдээллийн агуулгад нэмэлт шинэ агуулгууд байсан учир баримтаар шалгалаа.
Herbalife нь пирамидын луйвартай холбоотойгоор шалгагдаж байсан ч Бельгийн дээд шатны шүүх, АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос уг компанийг пирамидын луйвар ажиллуулдаг гэж шийдвэрлээгүй
2011 онд Бельгийн доод шатны шүүх 7 жил үргэлжилсэн шүүхийн маргааны дараа “Herbalife-ийг хууль бус пирамид луйвар” гэж шийдвэрлэсэн. Гэхдээ хоёр жилийн дараа буюу 2013 онд Бельгийн дээд шатны шүүх Herbalife-ийн гомдлыг үндэслэн 2011 оны шийдвэрийг цуцлан, “компанийн борлуулалтын үйл ажиллагаа хуулийн дагуу” гэж мэдэгдсэн байна.
Мөн 2012 оны 12 дугаар сард Herbalife компанийн хувьцаа эзэмшигч, тэрбумтан хөрөнгө оруулагч Билл Акман (Bill Ackman) тус компанийнг “пирамидын луйвар” (pyramid scheme) гээд “хувьцаа нь тэг рүү унана” гэж мэтгэн 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийгээд, дампуурахаас нь өмнө зарахаар төлөвлөсөн юм. Тэрээр 2012 онд танилцуулсан илтгэлдээ “Би Herbalife-г дэлхийн хэмжээний пирамид луйвар гэдэг 100% итгэж байна. Бид үүнийг гэмт хэргийн үйл ажиллагаа гэж бодож байна” гэжээ. Харин Herbalife-н хувьцаа тус оны 12 дугаар сарын 21-нд 13.64 ам.доллар хүрч унаж байсан боловч энэ үеэс хойш өсөлттэй буюу 13.64 ам.доллароос доош унаагүй байна.
АНУ-ын трастын хуулийг мөрдүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commission) дээрх Билл Акманы пирамидын луйвар гэсэн гомдлын дагуу 2014 онд Herbalife-ийг шалгахаар болсон ба 2016 онд шалгалтаа дуусгасан.
Холбооны Худалдааны Комисс 2016 оны 07 дугаар сарын 15-нд шийдвэрээ танилцуулсан бөгөөд Herbalife компанийг пирамдын луйвар ажиллуулдаг гэж шийдвэрлээгүй. Гэхдээ 200 сая ам.доллараар торгож, компанийн үйл ажиллагааны бүтцээ өөрчлөхийг шаардсан байна.
Тодруулбал, комиссын анализын дагуу Herbalife-ийг “хүмүүсийг ажлаасаа гарч, их хэмжээний мөнгө олох боломж гэж худал сурталчилгаа явуулсан” гээд “бүтээгдэхүүний борлуулалтаар мөнгө олох бараг боломжгүй” ба “борлуулагч нар сард дунджаар таваас бага ам.доллар олдог” гэж дүгнэсэн байна. Комисс дээрх дүгнэлтийг үндэслэн компанийн борлуулагч нар бүтээгдэхүүн авах хэрэглэгч, шинэ борлуулагч элсүүлэхээс хамаарч шагнал, урамшуулал авах бус бүтээгдэхүүн борлуулсан эсэхээс хамаарч авдаг болохыг үүрэгдсэн байна.
Дэлхийн олон улс Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хориглоогүй
2024 оны гуравдугаар сарын 04-нд Herbalife-ийн бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон улс, бүс нутгийг мэдээлжээ. Тодруулбал, “Куба, Иран, Хойд Солонгос, Сири, Крым, Запорожье ба Херсон мужууд, Донецк ба Луганск (Луганск) бүсүүд” уг жагсаалтад багтсан байна.

Тухайлбал, Herbalife нь АНУ-д бүртгэлтэй компанийн хувьд, олон улсын санхүү, худалдааны хориг арга хэмжээг дагах үүрэгтэй байдаг байна. Куба, Иран, Хойд Солонгос зэрэг улс нь АНУ-ын бүрэн хоригт орсон орнууд бөгөөд АНУ-ын компаниуд эдгээр улсад шууд бизнес эрхлэх, борлуулах, санхүүгийн гүйлгээ хийхийг хориглодог бөгөөд энэ нь шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаас өөр юм.
АНУ, Израиль, Исланд, Испани, Швейцар, Латин Америкт Herbalife-н бүтээгдэхүүнээс болж элэгний гэмтэлтэй болсон гэх 50 гаруй өвчтөн клиникийн түвшинд бүртгэгдэж байсан
2018 онд АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн (National Institute of Health) танилцуулсан мэдээллээр АНУ, Израиль, Исланд, Испани, Швейцар, Латин Америкт Herbalife-н бүтээгдэхүүнээс болж элэгний гэмтэлтэй болсон гэх 50 гаруй өвчтөн клиникийн түвшинд бүртгэгдэж, судлагдсаныг мэдээлсэн байна. Гэхдээ элэгний гэмтлийн зэрэг нь голдуу хөнгөн, дунд хэлбэртэй байсан ба Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосноос 1-2 сарын дотор хэвийн байдалдаа шилжиж байсан байна.
Мөн тус компани Израил дахь үйл ажиллагаагаа зогсоогоогүй бөгөөд Израилийн Эрүүл мэндийн яамнаас тус компанийн бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний гэмтэл үүсэж байгаа тохиолдолууд гарсан гэх асуудлаар шалгалт явуулах үед зөвхөн Израилд борлуулдаг гэх “Sesame & Herb” нэртэй бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг 2005 онд түр хугацаанд зогсоож байсан гэж тус компани АНУ-ын Үнэт цаас, солилцооны (U.S. Securities and Exchange Commission) комисст мэдээлсэн байна.
Herbalife-н бүтээгдэхүүн элэгний өвчлөлтэй холбоотой гэх судалгаануудын талаар
Herbalife-н бүтээгдэхүүн болон элэгний өвчлөлийн хамаарлыг судалсан хэд хэдэн судалгаа хэвлэгдсэн. Үүнд, 2009 онд Феликс Стикэл (Felix Stickel) нарын “Journal of Hepatology” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд тус компанийн бүтээгдэхүүнээс тогтоогдсон “Bacillus subtilis” бактераас шалтгаалсан байх боломжтой элэгний гэмтэлтэй хоёр өвчтөнийг судлан тогтоосон байна.
Мөн 2019 онд Драган Юрчич (Dragan Jurčić) нарын “Acta Clinica Croatica” сэтгүүлд хэвлүүлсэн “Herbalife-н бүтээгдэхүүнээс шалтгаалсан элэгний цочмог гэмтэлтэй эрүүл эмэгтэй” гарчигтай өгүүлэлд Herbalife-н бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний өвчлөлтэй болсон тохиолдолуудыг тоймлохдоо тус компанийн ногоон цай, алое агуулсан бүтээгдэхүүнүүд элэгний өвчлөл үүсгэж байсан тухай дурджээ. Үүнд 2003 онд “Exolise” бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөлийн тохиолдол Испанид 4, Францад 9 бүртгэгдсэн тухай мэдээлсэн ба Франц, Испани тус бүтээгдэхүүнийг хориглосон байна. Мөн алое агуулсан бүтээгдэхүүнүүд болон элэгний гэмтлийн хооронд холбоо байгааг тогтоосон судалгааг тус өгүүлэлд тоймлон дурджээ.
2011 онд Феликс Стикэл нарын “Liver International” сэтгүүлд хэвлүүлсэн “Зохистой хоололтын бүтээгдэхүүнүүдтэй холбогдсон элэгний гэмтэлний тойм” гарчигтай өгүүлэлд бүртгэгдэж, судлагдсан элэгний гэмтэл Herbalife-н бүтээгдэхүүнээс шалтгаалж байгаа эсэх асуудалд дараах тайлбар хийжээ. Тодруулбал, “Өвчтөнүүд 17 хүртэлх тооны Herbalife-н бүтээгдэхүүн нэг дор хэрэглэж байсан нь чухам ямар бодисоос болж элэгний гэмтэл үүсэж байгааг таамаглахаас цаашгүй байна. Зарим өвчтөнүүдийн плазмын эсийн ажиглалтад суурилан Елинав (Elinav et al.) нарын дархлаанаас хамаарсан элэгний гэмтэл гэж зарим өвчлөлийг тайлбарлаж болно гэж таамагласан” байна.
Цаашлаад элэгний хатуурал оношлогдсон хоёр өвчтөн бүртгэгдсэн нь Herbalife-н хэд хэдэн бүтээгдэхүүнээс илэрсэн “Bacillus subtilis” нянгаас шалтгаалсан байж болох тайлбар нэмэгдсэн нь нэмэлт хольцтой бүтээгдэхүүний талаарх таамаглалыг өргөжүүлсэн. Herbalife нь олон тооны үйлдвэрээс өөр өөр бүс нутагт бүтээгдэхүүн хүргэдэг учир тодорхой нянгаар бохирдсон бүтээгдэхүүн нь зөөлрүүлэгч, хадгалах хугацаа уртасгагч, амт оруулагч, пестицид эсвэл хүнд металл зэрэг химийн бодисыг үйлдвэрлэлийн явцад санаатай нэмсэнээс эсвэл ургамлын хэсэг зэрэг боловсруулагдаагүй түүхий бүтээгдэхүүнээс шалтгаалан хэд хэдэн хязгаарлагдмал хүрээн дэх элэгний өвчлөл үүсгэж байж болох юм” гэжээ.
Herbalife-ийн бүтээгдэхүүний орц, найрлага нээлттэй байдаг бөгөөд үүнд кокаин агуулдаг талаар мэдээлэл байхгүй байна
2018 оны дөрөвдүгээр сарын 11-нд АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн мэдээллийн сайтад Herbalife-ийн зарим бүтээгдэхүүний орц, найрлагыг дэлгэрэнгүй мэдээлжээ.
Мөн АНУ‑ын Хүнсний болон Эмийн Захиргаа (FDA)‑ны бодлогоор бүхий л эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн орц найрлага шалгагдсан байх ёстой бөгөөд хэрэглэгчдэд ил тод нээлттэй мэдээлсэн байх ёстой байдаг.

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос 2026 оны байдлаар Herbalife-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл байхгүй байна
Бид АНУ-ын холбооны мөрдөх товчоо (FBI)-ны албан ёсны сайтаас “Herbalife” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд хоёр илэрц гарч ирсэн бөгөөд 2020 оны наймдугаар сарын 28-нд нийтлэгдсэн “Herbalife 123 сая ам.доллар төлөхөөр зөвшөөрөв” гэх гарчигтай мэдээ байна. Тодруулбал, Herbalife компани нь 2007–2016 оны хооронд Хятадын төрийн албан тушаалтнуудад авлигын шинжтэй төлбөр олгож, Хятад дахь бизнесээ хадгалах, өргөжүүлэх зорилгоор санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүртгэсэн гэжээ.
Энэхүү хэрэг нь АНУ-ын Хууль зүйн яам (DOJ), Үнэт цаас, биржийн хороо (SEC) болон Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэгдсэн бөгөөд Herbalife компани нийт 123 сая ам.доллараас дээш хэмжээний торгууль, төлбөр төлөхөөр тохиролцсон талаар мэдээлсэн байна.

Herbalife-ийн Монгол дахь үйл ажиллагаа, анх оруулж ирсэн хүмүүсийн тухайд албан ёсны мэдээлэл байхгүй байна
Herbalife-ийн албан ёсны сайтад дэлхий даяар нийт 95 улсад үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлсэн бөгөөд уг жагсаалтад Монгол улс байна.

“Herbalife”-ийг анх Монголд оруулж ирсэн хүмүүсийн талаарх мэдээлэл болон “Монгол глобал” компани, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа Herbalife-тай холбоотой гэсэн албан ёсны эх сурвалж, баримт байхгүй байна. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан Сүрэнхорлоо, УИХ-ын асан Т.Анужин зэрэг хүмүүсийн тухай мэдээлэл нээлттэй эх сурвалжуудад байхгүй байна.
Дүгнээд хэлбэл, Herbalife нь пирамидын луйвартай холбоотойгоор шалгагдаж байсан ч Бельгийн дээд шатны шүүх, АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос уг компанийг пирамидын луйвар ажиллуулдаг гэж шийдвэрлээгүй. Мөн зарим улсад Herbalife-н тодорхой бүтээгдэхүүнүүдийг хориглож байснаас тус компанийн үйл ажиллагаа, борлуулалтыг бүхэлд нь зогсоосон тохиолдол одоогоор байхгүй байна.




