2026 оны хоёр дугаар сарын 8-нд Sniveling Upset нэртэй хуудаснаас “Хүн бүрд хожих боломжтой” сугалаа! Өнөөдөр оролцоорой” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 90 реакц, 35 коммент авч, 14 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгалтын дагуу хаягийг шалгах аргыг ашиглав.

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2025 оны 11 дүгээр сарын 5-нд Sniveling Upset нэртэй нээгдсэн, 64 дагагчтай байна. Мөн хуудасныхаа танилцуулга хэсэгт gamer буюу тоглогч гэсэн нэр байршуулжээ.
Тухайн хуудас нь E-Mongolia платформ лого, домэйн нэр ашигласан хуурамч мэдээлэл түгээсэн байна. Ингэхдээ “Хүн бүр хожих боломжтой сугалаа” нэрийдлээр холбоосоор нэвтрэхийг уриалж, хэрэглэгчийн банкны мэдээллийг авахаар оролджээ.
Тодруулбал, E- Mongolia платформыг дуурайлгасан хуурамч хуудаснаас хэрэглэгчийн утасны дугаар, банкны төрөл, нууц үг зэрэг хувийн мэдээллийг асуусан хуудас бөглүүлж байна.

Энэ талаар E-Mongolia платформын албан ёсны хуудаснаас “Сүүлийн үед E-Mongolia платформын нэр, логог ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хувийн мэдээллийг нь авахыг оролдсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Иймд иргэд та бүхнийг Е-Mongolia платформын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, хувийн болон санхүүгийн мэдээллээ үл таних этгээдэд дамжуулахгүй байхыг анхааруулж байна” гэж сэрэмжлүүлсэн юм.

Мөн шалгасан хуудас нь хаяг байршил, холбогдох дугаар гэх мэт нэмэлт мэдээлэлгүй пост нийтэлж, зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандахыг уриалдаг. Түгээж буй мэдээлэлдээ богино хугацаанд шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай үе хэллэг ашигладаг байна. Эдгээр нь цахим залилангийн үед анзаарагддаг шинж чанар юм. Иймээс хүлээн авч буй мэдээлэлдээ няхуур хандаж, анхан шатны баримт шалгах аргын дагуу шалгаж байгаарай.

Зургийн тайлбар: E-Mongolia платформын албан ёсны Facebook хуудсыг хуурамч хуудастай харьцуулсан нь
Дүгнээд хэлэхэд, E-Mongolia платформыг дуурайлгасан Sniveling Upset нэртэй хуурамч хуудас нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч, залилан үйлдэхээр оролдож байна.
Цахим орчинд олны танил хүн, байгууллагын нэрийг ашиглан залилан хийхийг санаархаж, бэлэг өгөх, хямдрал зарлах, мөнгө тараах гэх мэт хуурамч мэдээлэл түгээдэг. Энэ төрлийн хууран мэхлэх арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Цаашлаад банкны нууц үг, утас, регистрийн дугаар гэх мэт хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч санхүүгийн эрсдэлд оруулах нь бий. Иймд ямарваа нэг мөнгө тараах, бэлэг өгөх тухай мэдээлэлд шууд итгэхгүйгээр тухайн хаягийн найдвартай байдлыг шалгаж, хувийн мэдээллээ бүү задруулаарай.


