Search

Ураныг газар доор уусган олборлох аргыг олон улсад хориглоогүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1783

Ерөнхий агуулга

“Хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахах энэ арга нь уран-ыг олборлогч талдаа маш өртөг зардал бага, байгаль орчин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй маш хор хөнөөлтэй арга юм. Дэлхийн олон улс бүгд энэ аргаас татгалзсан, зогсоосон” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ураны хайгуул, олборлолтыг тодорхой бүс нутагт хориглосон зохицуулалт байгаа боловч газар доор уусган олборлох арга (ГДУО)-ыг хориглосон газар байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Tuvshin Jargal (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook хаягаас “Хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахах энэ арга нь уран-ыг олборлогч талдаа маш өртөг зардал бага, байгаль орчин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй маш хор хөнөөлтэй арга юм. Дэлхийн олон улс бүгд энэ аргаас татгалзсан, зогсоосон” гэсэн пост нийтэлжээ. Тус постыг 2,600 гаруй реакц, 319 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,800 гаруй удаа цааш түгээжээ.

Мөн тус постод, Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бригадын генерал М.Хүрлээ гэх хүний 2021 оны 06 дугаар сарын 24-нд Zindaa.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагын хэсгээс оруулжээ. Тухайлбал, “Газрын гүнд хүхрийн хүчилд уусгаж авсан уусмал, хольцын дотор уранаас гадна ванадий, молибден, кадмий, никель гэх мэт ашигтай үнэт металл, элементүүд их хэмжээгээр агуулагдаж, хамт олборлогдож, гадаад руу ямар ч тооцоогүйгээр гарах боломжтой болдог. Олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлт хийхэд хялбар. Зөвхөн хөрсний өнгөн хэсгийг нь цэвэрлэхэд (“нүд хуурахад”) л болно” гэжээ.

Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар“Газрын доорх усны нөхцөлийг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн зөвлөмжийн дагуу Төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үеийн буюу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон шатлал бүхий түвшинд, усны хэрэглээний анхны ангилал хүртэл нөхөн сэргээж, арав (10)-аас доошгүй жилийн хугацаанд хяналт тавих үүрэгтэй” гэжээ.

2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.

Уг гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд

  • “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.
    • (i) Бүтээн байгуулалтын үе шат;
    • (ii) Уурхайн ашиглалтын үе шат;
    • (iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.
  • b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.

Мөн 10.2-т Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаар зааж өгсөн байна. Тодруулбал:

  • “Төсөл хэрэгжүүлэгч компани нь ОУАЭА-ийн ТЕКДОК-1239 (Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 160 дугаар тогтоолын хавсралт)-д заасан олон улсын сайн туршлагад нийцсэн, эсхүл Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат хэрэгжих үед үйлчилж буй аливаа бусад холбогдох аргачлалд үндэслэсэн технологийн шийдлүүдийг ашиглан газрын доорх усны чанарыг нөхөн сэргээх үүрэгтэй. Газрын доорх усны нөхцөлийг ОУАЭА-ийн зөвлөмжийн дагуу Төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үеийн буюу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон шатлал бүхий түвшинд, усны хэрэглээний анхны ангилал хүртэл нөхөн сэргээж, арав (10)-аас доошгүй жилийн хугацаанд хяналт тавих үүрэгтэй. Холбогдох Төрийн эрх бүхий байгууллагуудаар хянуулан баталгаажуулсны дараа Уурхайн хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж дууссан гэж үзэж, холбогдох Төрийн эрх бүхий байгууллага нь Төсөл хэрэгжүүлэгч компанид Уурхайн нөхөн сэргээлт дууссан тухай тодорхойлолт олгоно” гэжээ.

Ураны хайгуул, олборлолтыг хориглосон газрууд байгаа ч газар доор уусган олборлох арга (ГДУО)-ыг хориглоогүй

Дэлхийн эрчим хүчний мэдээллийн албаны нэг хэсэг болох “WISE uranium project” мэдээллийн сайтад мэдээлсэн ураны хайгуул болон олборлолтыг хориглосон газруудыг доор хүснэгтэд харууллаа.

Тухайлбал, 2019 онд Кыргызстан улс уран хайх, олборлохыг хориглож байсан. Харин 2024 оны 6-р сард Киргизийн парламент 2019 оны 5-р сараас хэрэгжиж байсан уран олборлолт, хайгуулын хоригийг цуцалсан бөгөөд экологийн аюулгүй байдлыг хангах, улсын стратегийн ач холбогдол бүхий баялгийг ашиглах, Кыргызстаны эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор уран, тори илрүүлэх, хайх болон ашиглахтай холбоотой геологийн судалгааны үйл ажиллагаанд тавьсан хоригийг хуулиар хүчингүй болгож байжээ.

Улс/Бүс нутагУраны олборлолт, хайгуулыг хориглосон он
Австрали (Виктория муж)1983 он
АНУ (Навахо Nation)2005 он
АНУ (Grand Canyon орчим)2012 он
Канад (Квебек, Британийн Колумби)Квебект 2013 онд, Британийн Колумбид 2008 он
Ирланд, Испани, Дани (Гренланд)2021 оны 11 дүгээр сарын 9-нд Гренландын парламент ураны хайгуул болон олборлолтыг хориглох шийдвэр гаргасан
Шинэ Зеланд1996 он
Кыргызстан2019 онд хориг тавьсан ч 2024 онд хоригийг цуцалсан

Дэлхийн цөмийн холбооны World Nuclear вэб хуудаст нийтлэгдсэн, 2026 оны нэгдүгээр сарын 20-нд шинэчэлсэн агуулгад “2022 онд дэлхий даяар нийт 56 тонн ураныг газар доор уусган олборлох аргаар олборлосон талаар мэдээлжээ. Мөн одоогоор АНУ, Казахстан, Узбекстан улсын ураны олборлолтын ихэнх хэсэг нь газар доор уусган олборлох аргаар явагдаж байна” гэжээ.

Ураныг газар доор уусган олборлох, Эх сурвалж: Дэлхийн цөмийн холбоо

Ванадий, молибден, зэс, никель, кобальт, кадмий зэрэг элементүүд бага хэмжээгээр ураны ордод агуулагддаг

Шалгасан мэдээлэлд “Газрын гүнд хүхрийн хүчилд уусгаж авсан уусмал, хольцын дотор уранаас гадна ванадий, молибден, кадмий, никель гэх мэт ашигтай үнэт металл, элементүүд их хэмжээгээр агуулагдаж, хамт олборлогдож, гадаад руу ямар ч тооцоогүйгээр гарах боломжтой болдог” гэжээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн (IAEA) сайтад “Газар доор уусган олборлох (ISR) аргын үед хүчиллэг, шүлтлэг уусмал ашигладаг тул урантай хамт ванадий, молибден, зэс, никель, кобальт, хүнцэл, алт, ховор металлууд уусаж гарч ирэх боломжтой ч элементүүдийн агууламж нь бага байдаг” гэж мэдээлжээ.

Тухайлбал, Зэсийг одоогоор пирометаллурги болон гидрометаллурги гэсэн хоёр аргаар олборлодог байна.

  • Пирометаллурги нь зэсийг гаргаж авахдаа хүдэрийг эхлээд баяжуулж, дараа нь өндөр температурт хайлуулж, цэвэршүүлдэг уламжлалт арга аж. Энэ нь ихэвчлэн зэсийн агууламж өндөртэй, сульфидын баяжмалд тохиромжтой.
  • Гидрометаллурги нь зэсийг гаргаж авахдаа хүдэрийг хүчилд уусгаж, дараа нь уусмал дотроос нь зэсийг ялгаж авдаг арга. Энэ нь зэсийн оксидын хүдэрт илүү тохиромжтой.

Харин молибденийг ил уурхай болон далд уурхайн олборлолтын аргаар олборлодог бөгөөд хүчилд амархан идэгддэггүй, азотын хүчил болон фторын хүчлийн концентрацийн хольцод идэгддэг талаар Britannica сайтад мэдээлжээ.

Ашигт малтмалын тухай хууль болон хөрөнгө оруулалтын гэрээнд энэ талаар юу гэж заасан бэ?

Ашигт малтмалын тухай хууль-ийн 47.9-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана. Хайгуулын ажлын технологийн явцад туршилтын журмаар олборлох ашигт малтмалын дээд хязгаарыг төрлөөс нь хамааруулж Засгийн газар журмаар зохицуулна” гэжээ.

Харин хөрөнгө оруулалтын гэрээнд уран олборлолтын явцад зөвхөн уран төдийгүй ванадий, молибден, кадмий, никель зэрэг бусад металл, элементүүд олборлогдох боломж болон хэрхэн зохицуулах талаар тусгагдаагүй байна.

Дүгнээд хэлбэл, ураны хайгуул, олборлолтыг тодорхой бүс нутагт хориглосон зохицуулалт байгаа боловч газар доор уусган олборлох арга (ГДУО)-ыг хориглосон газар байхгүй байна. Мөн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Газрын доорх усны нөхцөлийг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн зөвлөмжийн дагуу Төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үеийн буюу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон шатлал бүхий түвшинд, усны хэрэглээний анхны ангилал хүртэл нөхөн сэргээж, арав (10)-аас доошгүй жилийн хугацаанд хяналт тавих үүрэгтэй” гэж тусгасан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахах энэ арга нь уран-ыг олборлогч талдаа маш өртөг зардал бага, байгаль орчин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй маш хор хөнөөлтэй арга юм. Дэлхийн олон улс бүгд энэ аргаас татгалзсан, зогсоосон” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document