2026 оны 02 дугаар 07-нд Урт Тэрэгтэн нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Цэрэг армийн мэдээ мэдээлэл” гэсэн группт “Израйльд Жеффри Эпштейн амьд бөгөөд Тель-Авивын гудамжаар алхаж байгаа зураг гарч ирэв” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ. Тус постыг 103 реакц, 21 сэтгэгдлээр идэвхжүүлж, 21 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Тус зургийг Reddit платформд “Fit-Tip5662” нэртэй хэрэглэгч анх егөөдсөн байдлаар түгээсэн
2026 оны 02 дугаар сарын 02-нд Reddit-ийн Fit-Tip5662 нэртэй хэрэглэгч “Энэ хүн аягүй танил харагдаад байна” гэсэн гарчигтайгаар нэгэн зураг түгээжээ. Үүнээс хойш дөрвөн хоногийн дараа өөр нэг хэрэглэгч “Энэ зургийг өөрөө үүсгэсэн үү, үгүй бол хаанаас олсон бэ?” гэж асуухад “Би Gemini ашиглаж үүсгэсэн. Баруун доор байгаа Gemini-ийн логоноос харж болно. Ингэж их хандалт авна гэж бодсонгүй. X платформоор битүү явж байна лээ” хэмээн хариулжээ.

Харин Фэйсбүүкт уг зургийн доод Gemini-ийн лого харагдах хэсгийг таслан авч түгээсэн нь илүү бодит мэт харагдуулжээ. Тус зурагт харагдах гудамжны нэрийг шалгавал дэлхийн аль ч хотод байдаггүй гудамжны нэр ашиглажээ. Учир нь хиймэл оюун ухаан зураг бүтээхдээ зохиомол нэр, тэмдэг ашиглах нь түгээмэл байдаг.
HiveModeration хэрэглүүрээр тус зургийг шалгахад “Gemini 3” хиймэл оюун ухаанаар бүтээсэн (88.4%) гэсэн үр дүн гарлаа.


Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, Reddit платфомд гаднын хэрэглэгчийн егөөдсөн, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зургийг жинхэнэ мэт агуулгатайгаар Фэйсбүүкт түгээжээ. Цахим орчинд олны анхаарлыг татаад буй томоохон үйл явдлаар далимдуулж иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх, хандалт авах зорилготойгоор хиймэл оюун ухаанаар зураг, бичлэг үүсгэж, хүссэн агуулгаар түгээх явдал түгээмэл байдаг.




