2026 оны 01 дүгээр сарын 31-нд “MGLRADIO – Дэлхийн Монголчуудын Радио” нэртэй Фэйсбүүк пэйж “Шидэт ногоон наалт хэрэглэснээр сахарын өвчинг эдгээдэг, гэрлэн биеийн эвдрэлийг засдаг” гэсэн агуулгатайгаар сурталчилсан бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 94 реакц, 66 сэтгэгдлээр идэвхжүүлж, 70 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
“Шидэт ногоон наалт” гэгдэх Painless Night Glu гэж юу вэ?
Ногоон наалт буюу “Painless night GLU” гэх наалтын турк хэл дээрх зааврыг орчуулбал “Арьсаа сайтар цэвэрлэсний дараа хэрэглэнэ үү. Бохир, нойтон, үсэрхэг арьс байж болохгүй. Манай бүтээгдэхүүн нь эм биш юм. Найрлагад нь ямар нэг химийн бодис байхгүй бөгөөд цэвэр байгалийн ургамлаас гаргаж авсан. Тиймээс булчин суллах, тайвшруулах нөлөөг 48 цагийн турш үзүүлдэг. Анхааруулга: Зарим ховор тохиолдолд эмзэг арьсанд загатнах эсвэл улайх үр дүн гарч болзошгүй тул эмчээс зөвлөгөө авна уу” хэмээжээ.

Зааврын нөгөө талд “Зөвхөн биеийн гадна талд хэрэглэнэ. Эмзэг эсвэл шархалсан арьсанд хэрэглэж болохгүй. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд эмчтэй зөвлөж хэрэглэнэ үү. Нярай, бага насны хүүхдүүдэд зориулагдаагүй” гэсэн ба “12-оос дээш насны хүмүүс наалтаа 24-48 цаг тутамд сольж хэрэглэнэ. Хуурай, цэвэрлэсэн арьсанд наалтаа задлаад, хуулгыг нь авч шууд наана. Дараа нь савантай усаар гараа угаана уу” гэжээ. Ногоон наалтын заавар зөвлөмжид сахарын өвчин эдгээдэг, гэрлэн бүрхүүлийн эвдрэлийг засдаг, наалтын цаасыг авч зажлах эсвэл усанд хийж уух талаар огт дурдаагүй байна.

“One More International” : “Манай бүтээгдэхүүн дунд эм, эмийн бүтээгдэхүүн байхгүй бөгөөд “эдгээнэ”, “эрүүл мэндийг сайжруулна” гэж сурталчлахыг хориглоно“
One More International компанийн вэбсайтад олон улсын төлөөлөгчид, өөрсдийн брэндээ хамгаалах зорилготой гаргасан журмын есдүгээр хэсэг нь зар сурталчилгааны тухай юм.
Уг хэсгийн 9.1-д төлөөлөгчид бүтээгдэхүүн сурталчлахдаа “эрүүл мэндийг сайжруулна”, “эмчилнэ”, “эдгээнэ” гэсэн агуулга оруулахыг хориглоно гэжээ.

Цаашлаад,
- 9.2. “Хууль ёсны дагуу, үнэн шударгаар, зөвхөн компанийн зөвшөөрөлтэйгөөр сурталчилгаагаа явуулах ёстой. Зөвшөөрөлгүй сурталчилгаа явуулсан тохиолдолд тухайн хувь хүн, байгууллага өөрсдийн ухамсараар дангаар хариуцлага хүлээнэ” гэжээ.
- 9.4-р хэсэгт “Хэтрүүлэгтэйгээр эсвэл худал үгсээр сурталчлахыг хориглоно. Төлөөлөгчид сурталчилгаандаа өмнө ба дараа зураг, оюуны өмчөөр хамгаалагдсан контент, гуравдагч этгээдийг материал зэргийг ашиглахыг хориглоно” гэжээ.

One More International компани вэбсайтдаа байршуулсан мэдэгдэлдээ “Бидний импортолж, экспортолж, борлуулж, сурталчилж байгаа бүтээгдэхүүнүүдэд эм, эмийн бүтээгдэхүүн огт байхгүй. Компанийн зарчимд дурдсанчлан манай бүтээгдэхүүнийг “эрүүл мэндийн бүтээгдэхүүн“, “эрүүл мэндийн наалт” хэмээн бусдад түгээх, сурталчлахыг хориглоно” гэжээ.

Цахим орчинд нийгмийн сүлжээгээр эм, эмийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно
Цахим орчинд нийгмийн сүлжээний платформоор эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хориглодог хуулийн заалтуудыг манай өмнөх баримт шалгалтаар мэдээлсэн. Тодруулбал, Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуульд эмийн сурталчилгаатай холбоотой хориглосон заалтуудаас:
- 26.5.1.зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах;
- 26.5.9.эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлах;
- 26.5.10.эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах; гэж тодорхой заасан байна.
Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд:
- 13.6.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилтэн, эрх, зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахыг хориглоно гэж заасан.
Тиймээс Туркийн One More International компанийн “Ногоон наалт” гэх булчин суллаж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүнийг чихрийн шижин зэрэг (шинжлэх ухаанд өнөөг хүртэл чихрийн шижинг бүрэн эмчлэх арга олоогүй байгаа) өвчнийг эмчилнэ гэж сурталчилж буй нь тухайн компанийн журмыг, мөн Монгол Улсын хуулиудыг зөрчсөн үйлдэл юм.
Дүгнэлт
Үе мөч, булчин суллах, тайвшруулах нөлөөтэй наалтыг “Сахар эдгээнэ, гэрлэн биеийн эвдрэлийг засна” хэмээн сурталчилсан нь One More International компанийн журмын 9.1-р хэсгийг зөрчжээ. One More International компани нь мөн вэбсайт дахь мэдэгдэлдээ “Манай бүтээгдэхүүн дунд эм, эмийн бүтээгдэхүүн байхгүй” гэв.
Цахим орчинд бараа, бүтээгдэхүүн тэр дундаа эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэгтэйгээр, заримдаа худал үгсээр сурталчилж борлуулалтаа өсгөх явдал түгээмэл байдаг. Иймд та гуравдагч этгээдээс худалдан авахдаа албан ёсны сурталчлах эрхтэй эсэх, албан ёсны үйлдвэрлэгч нь ижил сурталчилж байгаа эсэхийг шалгаж байгаарай.




