Сүүлийн үед цахим сүлжээнд “ипотекийн зээлээр 5-аас дээш орон сууц авсан 12,000 иргэн байна” гэх мэдээлэл түгсэн. Зарим хаягаас уг мэдээллийг түгээхдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн зургийг хавсаргажээ. (энд, энд бас энд)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Уг мэдээлэл гарсны дараа УИХ дахь Хот байгуулалтын ажлын хэсэгт Монголбанкнаас ипотекийн зээлээр 2-оос дээш байр авсан иргэдийн тоог мэдээлсэн байна. Тодруулбал, 2026 оны 02 дугаар сарын 06-нд Eagle News телевизийн Facebook хуудаст нийтлэгдсэн мэдээний хөтөлбөрийн хэсэгт УИХ-ын гишүүн, хот байгуулалтын ажлын хэсгийн ахлах Ж.Алдаржавхлан “Хоёр хүн 4 удаа, 24 хүн гурван удаа, 1558 хүн хоёр удаа ипотекийн зээлд хамрагдсан гэж Монголбанк мэдээлсэн” хэмээн ярьсан ба “12 мянга иргэн 5-аас дээш байр авсан” гэх мэдээллийг худал болохыг онцолсон.
2026 оны 02 дугаар сарын 03-нд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан X хуудастаа (хуучнаар twitter) “Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр 5 дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн “иргэд” байгаа гэсэн мэдээлэл бий…” гэж жиргэхдээ shuud.mn сайтын мэдээг хуваалцсан байна. (архивласан хувилбар) Уг мэдээнд, “Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Ипотекийн зээлд олон удаа хамрагдсан зарим иргэдийн мэдээллийг ил болгох асуудлыг хөнджээ. Одоогийн журам ёсоор бол иргэн үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нэг удаа л хамрагдах боломжтой. Гэтэл танил талаа ашиглан хэд хэдэн удаа хамрагдсан хүмүүс байгаа нь шударга бус байдал үүсгэж байна. Ийм учраас энэ зээлд хамрагдагсдын нэрсийг ил болгох шаардлага тавьжээ. Одоогоор албан ёсны жагсаалт нээлттэй нийтэд танилцуулсан шийдвэр гараагүй байгаа ч энэ шаардлага удахгүй ажил болох магадлал өндөр” гэсэн байна.
Уг посттой холбоотойгоор хэвлэл мэдээлэлд тодруулга ярилцлага өгсөн ба үүнийгээ албан ёсны Facebook хаягтаа хуваалцсан. Тодруулбал, NewsRoom мэдээллийн сайтын Facebook хуудаст УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээл болон багш нарын цалингийн асуудлаар ярилцсан 19 минутын урттай бичлэгийг 2026 оны 02 дугаар сарын 06-нд нийтэлжээ. Тус бичлэгийн 1:17 минутаас эхлэн шалгасан мэдээлэлтэй холбоотой зүйл ярьсныг сийрүүллээ.
- “..Олон нийтийн сүлжээнд 3 болон түүнээс дээш орон сууц авсан иргэн 12,000 орчим болсон байна гэсэн тоо хэлсэн. Энэ бол миний тоо биш, Сангийн яамнаас үл хөдлөх хөрөнгийн татварын хэлэлцүүлэг УИХ-д ороход хэлж байсан тоо. Монголд 3-5 байр эзэмшиж байгаа иргэдийн тоо 12 мянга давсан гэх тоог хэлсэн. Энэ иргэд маань 3-5 орон сууцаа ипотекийн зээлээр авсан байна уу, аваагүй байна уу гэдэг эх үүсвэрийг нэгдүгээрт шалгах ёстой…” хэмээн ярьсан.
2025 оны 09 дугаар сарын 22-ны УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хэлэлцсэн. Тус хуралдааны үеэр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн улсын хэмжээнд нэг орон сууцтай 325,820, хоёр орон сууцтай 56,582, гурав болон түүнээс дээш тооны орон сууцтай 12,376 иргэн байгаа хэмээн мэдээлжээ. Харин хуралдааны мэдээлэлд ипотекийн зээлийн тухай огт дурдаагүй байна.

Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам“-ын 2.5.7-д “Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх орон сууцны зээлийн хувьд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарахгүй” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй иргэн зээл хүсэх боломжтой юм.
Дүгнэлт
Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12 мянган иргэн байхгүй. УИХ гишүүн Л.Энх-Амгалан улсын хэмжээнд 3-аас дээш байр эзэмшдэг иргэдийг ипотекийн зээлд хамрагдсан эсэхийг шалгах хэрэгтэй хэмээн тодруулга өгсөн.


