2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Занадиа.мн (архивлагдсан хувилбар) гэх хуудаснаас “АНУ: Дөнгөж төрсөн нярайд хийдэг гепатит В-ийн вакуин аутизм үүсэхэд нөлөөлсөн гэв” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 502 реакц, 95 сэтгэгдэл, 214 удаа цааш түгээгджээ.
Тус постын тайлбар хэсэгт, “2026 оны эхээр АНУ-ын Холбооны засгийн газар болон Дэлхийн анагаах ухааны нийгэмлэгийн хооронд Гепатит В-гийн вакцин болон аутизмын хамаарлын талаар томоохон зөрчил үүслээ. Хэдийгээр олон улсын шинжлэх ухааны зөвшилцөл эдгээрийн хооронд ямар ч холбоо байхгүйг баталсаар байгаа ч АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) албан ёсны байр сууриа өөрчилж, олон нийтэд хүргэх мэдээлэлдээ тодорхойгүй байдлыг илэрхийлж эхэллээ. Энэхүү гэнэтийн өөрчлөлт нь вакцинжуулалтын бодлогод томоохон эргэлт болж байна” гэжээ.
FACTCHECK:
Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Google хайлтын системээс хайж үзэхэд яг ижил гарчиг, агуулгатай мэдээг livetv.mn гэх сайт 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр нийтлэхдээ “AI-аар үүсгэсэн мэдээ” гэж бичсэн байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) 2025 оны 11 дүгээр сарын 19-нд вакцин ба аутизмын хамаарлын талаарх агуулгыг шинэчилсэн
2025 оны 11 дүгээр сарын 19-нд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) вакцин ба аутизмын холбооны талаарх агуулгыг шинэчилсэн байна. Тодруулбал,
- “Вакцин аутизм үүсгэдэггүй” гэх мэдэгдэл нь баримтад суурилсан дүгнэлт биш, учир нь нярайд хийдэг вакцинууд аутизм үүсгэх эрсдлийг бүрэн үгүйсгэсэн судалгаа одоогоор байхгүй гэж үзэж байна.
- Вакцин ба аутизмын хооронд холбоо байж болзошгүйг харуулсан зарим судалгааг эрүүл мэндийн байгууллагууд үл тоомсорлосон
- АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам (HHS) аутизмын шалтгааныг тогтоох зорилгоор өргөн хүрээтэй үнэлгээ, судалгааг эхлүүлсэн бөгөөд үүнд боломжит биологийн механизм болон шалтгаан хамаарлын холбоо байж болох хувилбаруудыг шалгах ажлууд багтаж байна.

Харин уг шинэчилсэн мэдэгдэлд “Дөнгөж төрсөн нярайд хийдэг гепатит В-ийн вакцин аутизм үүсэхэд нөлөөлсөн” гэсэн агуулга байгаагүй юм.
АНУ-ын Хүүхдийн өвчин судлалын академи дээрх өөрчлөлтийг нотолгоонд суурьлаагүй, худал мэдээдэл гэж үзсэн
АНУ-ын Хүүхдийн өвчин судлалын академи (AAP) болон бусад анагаах ухааны мэргэжилтнүүд CDC- ээс гаргасан дээрх мэдэгдлийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, AAP-ийн Ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор Сюзан Ж. Крессли “Хүүхдийг эрүүл байлгах хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг болох тогтмол дархлаажуулалтад эргэлзээ төрүүлэх худал мэдээлэл түгээхэд төрийн нөөцийг үр ашиггүй зарцуулахыг CDC-ээс зогсоохыг шаардаж байна” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн “Вакцин ба аутизмын хоорондын эрсдэлт холбоог олон арван жилийн турш судалж, долоон улсын, 5.6 сая гаруй хүнийг хамарсан 40-өөс дээш өндөр чанартай судалгаанууд нь вакцин ба аутизмын хооронд ямар ч холбоо байхгүй гэдгийг тогтоосон” талаар AAP мэдэгдэлдээ онцолжээ.
Мөн FactCheck.org баримт шалгах байгууллага “CDC-г вакцин аутизм үүсгэдэг гэсэн олон жилийн турш няцаагдсан ташаа ойлголтыг дахин сэргээж байна” гэжээ
Factcheck.org баримт шалгах байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 20-нд “Аутизм ба вакцинтай холбоотой CDC-ийн шинэчилсэн агуулга нь баримтад суурилаагүй” гэх гарчигтай баримт шалгалтдаа “CDC Вакцинд агуулагддаг хөнгөн цагаан аутизмтай холбоотой байж болзошгүй гэсэн 2014 оны, вакцины эсрэг бүлгүүдтэй холбоотой судлаачийн хийсэн сул судалгааг иш татжээ. Харин үүнийг няцаасан, илүү чанартай судалгаануудыг CDC буруу тайлбарласан байна” гэжээ. Тухайлбал, “1.2 сая хүүхдийг хамарсан Данийн томоохон судалгаа аутизм ба вакцин дахь хөнгөн цагааны хооронд холбоо байхгүйг тогтоосон” гэжээ. Уг судалгааг дэлгэрүүлж тайлбарлавал,
- 2025 онд нийтлэгдсэн “Хөнгөн цагаан шингэсэн вакцин ба хүүхдийн архаг өвчин: Үндэсний хэмжээний когортын судалгаа” судалгааг Дани улсад 1997 оноос 2020 оны хооронд хийсэн ба 1997-2018 оны хооронд төрсөн 1 сая 200 мянга гаруй хүүхдийг хамруулж, аутизмын спектрийн эмгэг, анхаарлын дутагдал-гиперактив эмгэг зэрэг мэдрэлийн хөгжлийн, харшлын, аутоиммуни гэх мэт 50 гаруй өвчлөлийн тохиолдлыг хянан судалжээ. Судалсан хэд хэдэн вакцины нэг нь гепатит в вирусийн эсрэг вакцин юм. Судалгааны үр дүнд вакцинд агуулагдах хөнгөн цагаан нь аутоиммун өвчин, харшил, аутизм зэрэг 50 орчим архаг өвчин тусах эрсдэлтэй ямар ч холбоогүй болохыг тогтоожээ.
CDC-ийн Дархлаажуулалтын зөвлөх хороо (ACIP) Гепатит В-гийн вакциныг нярайд төрөхөд нь бүх нийтээр хийх зөвлөмжийг цуцалж, гепатит В-ийн вакцин хийх эсэхийг эцэг эхийн шийдвэрт тулгуурлан шийдэхийг зөвлөсөн
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) дэргэдэх Дархлаажуулалтын зөвлөх хороо (ACIP) 2025 оны 12 дугаар сарын 5-нд санал хураалт явуулж, Гепатит B вакциныг бүх нярайд хийх олон жилийн тогтсон зөвлөмжийг цуцалж, шинэчилсэн удирдамж гаргасан байна.
Тодруулбал, “ACIP 8–3 саналын харьцаагаар, вирусын шинжилгээгээр гепатит В-ийн халдваргүй гэж тогтоогдсон эхээс төрсөн нярайд гепатит В-ийн вакцин (төрөх үеийн тунг оролцуулан) хийх эсэхийг эцэг эхийн шийдвэрт тулгуурлан шийдэхийг зөвлөхөөр санал өглөө” гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны сайтад мэдээлжээ.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди өмнө нь вакцин ба аутизмын талаар нотолгоонд суурилаагүй мэдэгдэл хийснээр эрүүл мэндийн шинжээчид болон баримт шалгах байгууллагуудын анхаарал, шүүмжлэлд өртөж байсан
2025 оны 09 дүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Кеннеди нар аутизмын асуудлаар мэдэгдэл хийж, аутизмыг вакцин болон жирэмсэн үед өргөн хэрэглэгддэг өвчин намдаагч тайленолын хэрэглээтэй холбон тайлбарласан. Харин энэхүү мэдэгдэлд анагаахын салбарын мэргэжилтнүүд болон судлаачид эрс шүүмжлэлтэй хандсан бөгөөд Reuters агентлаг, Factcheck.org, AP Fact Check зэрэг баримт шалгах байгууллагууд “Трамп ацетаминофен (Тайленол) болон вакциныг аутизмтай холбоотой гэж үзсэн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй” гэх гарчигтай мэдээллүүдийг нийтэлсэн байна.
Мөн 2025 оны 09 дүгээр сард АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннедигийн томилсон вакцины зөвлөх хороо 4 хүртэлх насны хүүхдэд MMRV хосолсон вакциныг зөвлөхгүй гэж санал өгч, MMR болон салхин цэцгийн вакциныг тус тусад нь хийхээр заасан” талаарх баримт шалгалтыг уншаарай.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC), АНУ-ын Эрүүл мэндийн яам (HHC), Дархлаажуулалтын зөвлөх хороо (ACIP) зэрэг байгууллагаас гаргасан сүүлийн үеийн мэдэгдэлд “Дөнгөж төрсөн нярайд хийдэг гепатит В-ийн вакцин аутизм үүсэхэд нөлөөлсөн” гэсэн агуулга байхгүй. Харин АНУ-ын өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв вакцин ба аутизмын хоорондын хамаарлын талаарх өргөн хэмжээний судалгааны ажлыг ЭМЯ нь эхлүүлээд байгааг мэдэгдсэн.



