2026 оны 02 дугаар сарын 04-нд Очирбатын Сийлэгмаа (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Eрөнхийлөгчийн илгээлтийн 2025 оны намар Сайдын 2025 оны тушаалаар гадаадад сурахаар явсан хүүхдүүдийн зарим нь журам, тушаалд заасан голч дүнгийн 75%-д хүрэхгүй хангалтгүй сурсан ч БЗС-с хүнсний зардал, дотуур байр, сургалтын төлбөрөө авах гэнэ. ЗГ-н тогтоол журмаас давсан БЯ-ны дарга нарын үгээр БЗС-н даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч татвар төлөгчийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөл бүрдүүлж байна. Дунджаар 1 хүүхэд 1 тэрбум₮-р сурч байгаа…” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 471 реакц, 202 сэтгэгдлээр идэвхжүүлж, 235 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Боловсролын зээлийн сангаас шалгасан мэдээлэлтэй холбоотой албан ёсны мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “XXI зууны Монголын Ирээдүй-2100” буюу Ерөнхийлөгчийн илгээлт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй сурагчидтай хийсэн гэрээнд дүнгийн шаардлага тавиагүй тухай онцолсон. Тодруулбал, мэдэгдэлд хавсаргасан зурагт Ерөнхийлөгчийн илгээлт тэтгэлэг болон Боловсролын зээлд хамрагдсан сурагчдын санхүүгийн баталгааны хуудсыг харьцуулан танилцуулжээ.
Доорх зурагт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагчийн санхүүгийн баталгааны хуудсыг харууллаа. Тус хуудсанд сурагчид дүнгийн шаардлага тавиагүй ба харин “ELF тэтгэлгийн дүн нь амжилтгүй болсон эсвэл дүнгээ ахиулахын тулд дахин суралцах тохиолдолд хамаарахгүй” гэж заасан байна. Энэ нь судалж буй хичээлд “унасан”, аль эсвэл дүнгээ ахиулах гэж дахин судалж буй тохиолдолд нэмэлт төлбөр олгохгүй гэсэн үг юм. Харин дүнгийн доод хэмжээг заагаагүй байна. Мөн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан сурагчдад сургалтын төлбөр, байрны төлбөр олгох ба “тухайн улсын тарифаас хамаарч амьжиргааны зардлыг олгоно” гэж тусгажээ.

Харин Боловсролын зээлийн хөтөлбөрт хамрагдсан сурагчийн санхүүгийн баталгааны хуудсанд “Санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэхийн тулд сурагч улирал бүр багадаа 3 голчтой буюу 75%-иас дээш дүнтэй байх шаардлагатай…” хэмээн тусгасан ба сургалтын төлбөрийн 50 хувийг төлнө гэж заасан байна.

Нэмэлт мэдээлэл
Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөр нь 2021 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор нийт 1052 тэтгэлгийн эзэд АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын шилдэг их сургуулиудад элсэн суралцаж буй тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Facebook хаягтаа 2026 оны 01 дүгээр сарын 27-нд нийтэлжээ. Тус хөтөлбөр нь жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах зорилготой юм.
Дүгнэлт
Боловсролын зээлд хамрагдсан оюутнуудын дүнгийн шаардлагыг Ерөнхийлөгчийн Илгээлт тэтгэлгийн нөхцөл мэт ойлголт өгч төөрөгдүүлжээ.




