2026 оны 01 дүгээр сарын 24-нд zarig.mn (архивласан хувилбар) хуудаснаас “Зар сурталчилгааны зөвшөөрөлгүй хувь хүн цахим орчинд эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахгүй. Ийм асуудалд хатуу хяналт тавьж, хариуцлага тооцно” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост нийт 2,400 гаруй реакц, 101 сэтгэгдлээр идэвхжүүлж, 265 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2026 оны 01 дүгээр сарын 21-нд ЭМЯ-ны албан ёсны хуудсанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт (ЭЭХХЗГ) ажилласан тухай “Зар сурталчилгааны зөвшөөрөлгүй хувь хүн цахим орчинд эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахгүй” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ.

Тэрээр, “Олон нийтийн сүлжээгээр эм сурталчилдаг асуудлыг зогсооно. Үнэн худал нь мэдэгдэхгүй сурталчилгаа хийдэг явдал байгаа. Танай байгууллагаас (Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар) сурталчилгаа хийх зөвшөөрөл авч байгаа. Хувь хүн олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа хийхийг хориглоод байгаа. Хийж байгаа зүйлүүдэд хариуцлага тооцдог тогтолцоогоо хийгээрэй. Хариуцлага тооцохдоо олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс зоригтой хийх хэрэгтэй” гэж хэлжээ.
Энэ талаар ЭЭХХЗГ-аас утсаар тодруулахад Зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг гэв
Бид хувь хүн цахим орчинд эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахдаа зөвшөөрөл авах ёстой байдаг эсэх талаар эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас утсаар тодруулахад “Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар хувь хүн эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл авах ёстой байдаг” хэмээн бидэнд мэдэгдсэн юм.
- Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан “тусгай зөвшөөрөл” болон “энгийн зөвшөөрөл” гэж ангилдаг байна. Мөн “эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийхийг энгийн зөвшөөрөлтэйгөөр олгоно” гэж заажээ.
2025 оны 01 дүгээр сарын 14-нд ЭЭХХЗГ-ын сайтад Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл олгосон мэдээлэл оруулсан байна. Уг жагсаалтад 90 төрлийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгосон бөгөөд хувь хүнд бус байгууллагуудад олгосон байна.

Мөн жагсаалтын дор,
- Байгууллагуудад зар сурталчилгаа явуулахдаа Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар зөвшөөрсөн үг, хэллэг, агууллагыг өөрчлөхгүй байх.
- Зөвхөн (хүсэлт ирүүлсэн зөвшөөрөгдсөн суваг)-аар зар сурталчилгаа явуулах эрх өгсөнийг анхаарах гэж онцгойлон анхааруулсан байна.
Мөн ЭЭХХЗГ-ын сайтад Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл хүссэн эм ханган нийлүүлэхэд байгууллагад тавигдах шаардлага оруулж өгсөн байна. Уг шаардлагад мөн хувь хүн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг сурталчлах талаар байхгүй байна.
Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуульд эмийн сурталчилгаатай холбоотой хориглосон заалтууд:
Хуулийн 26.5-д “Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эмийн зар сурталчилгааг хориглоно“ гээд дараах зүйлсийг оруулжээ.
- зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах;
- эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах;
- жороор олгох эм, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах;
- хүүхдэд шууд зөвлөсөн, ухуулсан, бусад хэлбэрээр нөлөөлсөн эмийг сурталчлах;
- эмийг ховор, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан, хямд үнэтэй гэж иргэдийг төөрөгдөлд оруулан сурталчлах;
- эмийн худалдан авалт, борлуулалтад урамшуулал олгох, үнийн хямдрал үзүүлэх талаар нийтэд чиглэн сурталчлах;
- эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах;
- иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах;
- ЭМИЙГ ЦАХИМ ОРЧИН ДАХЬ НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР СУРТАЛЧЛАХ;
- эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах;
- тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах;
- энэ хуулийн 26.3-т зааснаас бусад мэдээлэх хэрэгслээр сурталчлах.
Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн болон мал эмнэлгийн салбар дахь зар сурталчилгаа”-ны талаар зохицуулжээ.
- 13.1.Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.
- 13.2.Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна.
- 13.3.Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг заавал сануулна.
- 13.4.Эм, эмийн зүйлс (цаашид “эм” гэх)-ийн зар сурталчилгаанд дараахь зүйлийг хориглоно:
- 13.4.1.улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах;
- 13.4.2.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах;
- 13.4.3.тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилгоор сурталчлах;
- 13.4.4.тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах;
- 13.4.5.эмийн ерөнхий нэршилгүй, зөвхөн худалдааны нэршлээр сурталчлах;
- 13.5.Аймаг, нийслэлийн хүн, мал эмнэлгийн удирдах болон мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй эм хангамжийн байгууллага (эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан)-ыг сурталчлахыг хориглоно.
- 13.6.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилтэн, эрх, зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахыг хориглоно
- 13.7.Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана.
- 13.8.Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно.
- 13.9.Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
Хууль зөрчихөд хүлээлгэх хариуцлага:
Шалгасан мэдээллийн тайлбар хэсэгт,“Зар сурталчилгааны зөвшөөрөлгүй хувь хүн цахим орчинд эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахгүй. Ийм асуудалд хатуу хяналт тавьж, хариуцлага тооцно” гэж дурдсан боловч постер зурагт “Зар сурталчилгааны зөвшөөрөлгүй хувь хүн эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчилвал хатуу хариуцлага тооцно” гэж ямар төрлийн хариуцлага хүлээлгэхийг дурдаагүй, бүрэн бус мэдээлэл түгээжээ.
Тэгвэл “хатуу хариуцлага тооцно” гэх тайлбар нь хуульд хэрэглэгддэг нэр томьёо биш бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.9.2-т зааснаар “Хуульд заасны дагуу зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно” гэсэн зохицуулалттай байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.6-д Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зөрчилд оноох хариуцлагыг заажээ. Тус хуулийн 6.6.15-д “Хуулиар зар сурталчилгаа явуулахыг хориглосон эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаа явуулсан, эсхүл хуулиар хориглосон хэлбэрээр зар сурталчилгаа явуулсан бол “хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Хэрэв хууль зөрчсөн сурталчилгаанаас үүдэн иргэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон бол цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, холбогдох Эрүү болон Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсний эцэст хохирлоо барагдуулах эрхтэй.
Дүгнэлт
Дүгнэж хэлбэл, цахим орчинд нийгмийн сүлжээгээр эм сурталчлах хориотой, харин мэргэжлийн байгууллагууд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа явуулна.
Хэрэв зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох, торгох, цаашлаад хууль бус сурталчилгаанаас үүдэж хохирсон бол гомдол гаргаж, Иргэний болон Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлэх боломжтой.




