Search

Улаанбурхны вакцинаар гурван төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1771

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Улаанбурхан гэж айлгаад гурван өвчний вирус тарьж буйг мэдэж байгаа биз дээ” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Улаанбурхны вакцин хийлгэснээр “улаанбурхан, улаанууд, гахайн хавдар” гэсэн гурван төрлийн өвчний эсрэг дархлаа тогтдог. Ингэснээр олон хүнийг халдвараас хамгаалж, өвдөхөөс сэргийлэх боломжтой. Учир нь улаанбурхны вакцины хоёр тунд хамрагдсанаар улаанбурхан, улаануудын эсрэг 97%, гахайн хавдрын эсрэг 86%-ийн дархлаа тогтдог байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ulziitogtokh Tsedev нэртэй хаягаас “Улаанбурхан гэж айлгаад гурван өвчний вирус тарьж буйг мэдэж байгаа биз дээ, Монголчууд минь ээ ?!..” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Тус пост 1000 гаруй реакц, 278 сэтгэгдэл авч, 731 удаа цааш түгээгдсэн байна.

Улаан бурхан өвчнөөр айлгаж, “гурван төрлийн өвчний вирус тарьж” байна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн агуулгатай байна. Учир нь улаанбурхны вакцин хийлгэснээр давхар гахайн хавдар, улаануудын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, улаанбурхны вакцин нь нэг тарилгаар гурван өөр өвчнөөс зэрэг хамгаалж буй шийдэл болохоос хүнд хор хөнөөл учруулах “вирус” түгээж байгаа хэрэг биш юм.

Улаанбурхны вакцинд агуулагдах амьд сулруулсан вирусийн талаарх тайлбар:

Улаанбурхны вакцин нь амьд сулруулсан вирус дээр суурилдаг тул дархлааны идэвхжилтэд тусалж, хамгаалалтын тогтолцоо бий болгодог. Гэвч амьд сулруулсан вирусийг буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээснээс үүдэн вакцины талаарх буруу ойлголт үүсэж байна. Иймээс уг ойлголтыг тайлбарлая.

Амьд сулруулсан вирус гэдэг нь тухайн вирусийг лабораторийн орчинд тусгай аргаар “сулруулсан” буюу хор хөнөөл багатай болгосон хэлбэр юм. Ийм төрлийн вакцинд хамрагдсаны дараа хүний дархлааны эс уг вирусийг таньж, дарангуйлах “сургуулилт” хийдэг.  Ингэснээр дархлааны систем хөгжиж, жинхэнэ вирусийн халдварыг хурдан таньж, хүчтэй хариу үйлдэл үзүүлж, өвчнөөс хамгаалдаг байна.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газрын мэдээлснээр улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцины гол найрлагад,

  •  Улаанбурхны вирус: 3.0 log₁₀ TCID₅₀-аас багагүй 
  • Гахайн хавдрын вирус: 4.1 log₁₀ TCID₅₀ 
  • Рубелла (улаанууд) вирус: 3.0 log₁₀ TCID₅₀ буюу нэг удаагийн тунд ойролцоогоор 0.5 мл-ийн маш бага амьд сулруулсан вирус агуулдаг байна.

Вакцинд агуулагдах амьд сулруулсан вирусийн хэмжээ хүн хор хөнөөл учруулахааргүй маш бага хэмжээтэй байдаг.

Улаанбурхан нь дархлаа тогтоогүй хүн бүрд халдварлах өндөр эрсдэлтэй вирус бөгөөд амь нас ч эрсдэж болох өвчин юм. Харин урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсанаар насан туршийн дархлаа тогтохоос гадна гурван төрлийн өвчнөөс зэрэг хамгаалах боломжтой болно. Энэ талаар эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг Кливлэнд Клининк сайтад “Улаанбурхны вакцины хоёр тунд хамрагдсанаар улаанбурхан, улаануудын эсрэг 97%, гахайн хавдрын эсрэг 86%-ийн дархлаа тогтдог. Ховор тохиолдолд вакцин хийлгэсэн ч дээрх өвчинд өртөх магадлалтай. Гэхдээ өвчний шинж тэмдэг хөнгөн, вирус тараах эрсдэл маш багатай байдаг” гэж мэдээлжээ.

Мөн ДЭМБ-аас улаанбурхан нь агаар дуслын замаар халдварлаж, маш хурдан тархдаг, вирусийн гаралтай халдварт өвчин бөгөөд хүндэрсэн тохиолдолд нас барах эрсдэлтэйг анхааруулжээ. 1960-аад онд улаанбурхны вакцин нэвтрэхээс өмнө дэлхий даяар жил бүр ойролцоогоор 2.6 сая хүн уг вирусийн халдвараар нас бардаг байсныг мөн тэмдэглэсэн. Харин 2000–2023 оны хооронд вакцинжуулалтын ачаар 60 саяас илүү хүний амийг аварч, 2000-2017 онд улаанбурхнаас үүдэх нас баралтын тоо дэлхий даяар 80 хувиар буурсныг BBC мэдээллийн сайтад ДЭМБ-ын судалгаатай эшилж мэдээлсэн байна.

Зургийн тайлбар: Вакцины тусламжтайгаар улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эрсдэл багассаныг дүрсэлсэн нь (шар-гахайн хавдар, цэнхэр-улаанбурхан, ногоон- улаанууд)

Дүгнээд үзэхэд, Улаанбурхны вакцин хийлгэснээр “улаанбурхан, улаанууд, гахайн хавдар” гэсэн гурван төрлийн өвчний эсрэг дархлаа тогтдог. Ингэснээр олон хүнийг халдвараас хамгаалж, өвдөхөөс сэргийлэх боломжтой. Учир нь улаанбурхны вакцины хоёр тунд хамрагдсанаар улаанбурхан, улаануудын эсрэг 97%, гахайн хавдрын эсрэг 86%-ийн дархлаа тогтдог байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Улаанбурхан гэж айлгаад гурван өвчний вирус тарьж буйг мэдэж байгаа биз дээ” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document