Search

Сангийн яамны эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэрийг барьж залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1770

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Бид Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг” хэмээн хусдаг сугалааны лайв явуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус сугалааны лайвд хуурамч гэрчилгээ, хуурамч банкны аппликэйшны гүйлгээ харуулан иргэдийг төөрөгдүүлж, залилж байна. Мөн энэ тухай Монгол Улсын Сангийн яам сэрэмжлүүлж, иргэдийг сугалаа явуулж буй аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудаснаас шалгаж байхыг анхааруулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 03-нд Бумтан сугалаа нэртэй Фэйсбүүк пэйж “Бид Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг” хэмээн хусдаг сугалааны лайв явуулжээ.

Лайв түгээсэн пэйжийг шалгавал 2025 оны 11 дүгээр сарын 26-нд гаднын нэртэйгээр үүсэж, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд нэрээ “Бумтан сугалаа” болгон өөрчилжээ. Цаашлаад тус пэйж нь 174 дагагчтай, холбоо барих утасны дугаар байхгүйгээс гадна АНУ-ын хуурамч хаяг оруулжээ.

Түгээсэн лайвд тэрээр “Бид Монгол улсад албан ёсны эрхтэйгээр сугалаа явуулж байна” гэж дурдахын зэрэгцээ гэрчилгээгээ үзүүлжээ. Тус гэрчилгээг шалгавал “Мэргэжлийн болон техникийн, хонжворын тухай хууль“, “орлогч сайд“, “Бумтан сугалаа ХХК” гэх зэрэг зохиомол хууль, сайд, компанийн нэр ашиглажээ.

Зохиомол, хуурамч гэрчилгээ

Лайваар үзүүлсэн Хаан банк аппликэйшны шилжүүлэгт харагдаж буй гүйлгээний үлдэгдэл “552771800.00” тоонд мянгатын орны таслал байхгүй байгаа нь хуурамч гэдгийг нотолж байна.

Иргэдэд шагналаа найдвартай шилжүүлдэг гэх итгэл төрүүлэх үүднээс ийн Хаан банкны аппликэйшныг дуурайлган хийсэн, хуурамч хувилбарыг ашиглаж байна.

2026 оны 01 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Сангийн яамны албан ёсны Фэйсбүүк пэйж “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Цаашлаад “Одоогоор Сангийн яамны эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм иргэдийн ямарваа сугалаанд оролцохоосоо өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэж сэрэмжлүүлжээ.

Вивавосе ХХК нь Монгол улсад эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 18 компанийн юм. Тэрээр өөрсдийн Bumtan MN Фэйсбүүк пэйждээ 2026 оны 02 дүгээр сарын 03-нд “Манай “Вивавосе” ХХК нь Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6.5 дах хэсэгт заасны дагуу Монгол Улсын Сангийн яамнаас олгосон “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “БУМТАН” сугалааны үйл ажиллагааг зөвхөн аппликэйшнээр дамжуулан явуулдаг” хэмээн мэдэгдэл гаргаж, сэрэмжлүүлжээ.

Вивавосе ХХК-ийн мэдэгдэл (2026-02-03)

Цахим орчин тэр дундаа Фэйсбүүк лайваар хусдаг, үнэт чулуу гэх нэртэй сугалаа явуулж иргэдийг залилах, хохироох явдал түгээмэл болсон. Иймд та аливаа сугалаа, хонжворт тааварт оролцохдоо тухайн аж ахуйн нэгжийг Сангийн яамнаас олгодог эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудас руу орж шалгаж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Бид Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг” хэмээн хусдаг сугалааны лайв явуулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document