2026 оны 01 дүгээр сарын 22-нд “Toyota Fans” нэртэй Фэйсбүүк пэйж “Дуртай тусгай хайрцгийн дугаараа сонгоод тусгай шагнал хожоорой” гэх агуулгатай пост түгээжээ. Цаашлаад сэтгэгдэл хэсэгт “Энэ нийтлэлд лайк дарж, шэйр дараад inbox-оо шалгана уу” гэжээ.
FACTCHECK:
Залилангийн хуурамч пэйжийг дараах түгээмэл шинж тэмдгээр таних боломжтой.
- Хаягийн нэрд ихэвчлэн “Fans” гэх үг орсон
- Үүсээд удаагүй
- Маш цөөн дагагчтай
- Гаднын улсаас удирддаг
- Цөөн тооны посттой
- Постын агуулгад монгол хэлэнд зохимжгүй үг, хэллэг ашигласан

Агуулгыг шалгая
Сэтгэгдэл бичсэн хүмүүст автоматжуулалт ашиглан цааш түгээхийг шаардаж байгаагаас гадна “@pengikut” гэх “tag” ашигласан нь гаднын улсаас удирдаж буй пэйж болохыг нотолж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн сэрэмжлүүлэг
2026 оны 01 дүгээр сарын 30-нд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс гаднын удирдлагатай эдгээр хуурамч пэйжийн талаар сэрэмжлүүлэг хүргэжээ. Уг сэрэмжлүүлэгт “Залилагчид нь дараах хоёр шаардлагыг тавьдаг. Нэгт нь илүү олон хүнийг залилахын тулд 10-15 группт шэйр хий гэдэг. Хоёрт нь урьдчилгаа 10% шилжүүлээд бараа, бүтээгдэхүүнээ авах боломжтой хэмээн төөрөгдүүлдэг” гэв.
Цаашлаад “Албан ёсны байгууллага, сүлжээ дэлгүүр азтан тодруулах нэрийдлээр урьдчилгаа мөнгө огт шаарддаггүй. Иймд иргэд та бүхнийг урьдчилгаа төлбөр, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна” хэмээн сэрэмжлүүлжээ.
Иймд та цахим орчинд хувийн мэдээлэл, төлбөр мөнгө шилжүүлэхээсээ өмнө заавал тухайн хаягийг дээр дурдсан шинж тэмдгүүдээр шалгаж байхыг зөвлөе.
Бид өмнө нь Номин, PC Mall, KFC, Миний сүлжээ зэргийн нэр барьсан энэ төрлийн залиланг баримтаар шалгаж байсныг энд, энд, энд, эндээс үзээрэй.





