2025 оны 11 дүгээр сарын 29-нд Эрүүл мэндийн дэмжлэгийн төв (архивласан хувилбар) гэх Фэйсбүүк хуудаснаас “Японы шийдэл- Тамхи татахыг багасгахад дэмжлэг үзүүлэгч шүршигч” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус пост 974 реакц, 837 сэтгэгдэл авч, 597 удаа цааш түгээгджээ.
Бичлэгийн тайлбар хэсэгт, “Сүүлийн үед таны амьсгал хүндэрч, аманд тамхины үнэр удаан үлдэж, нэг–хоёр ширхэг татсаны дараа хүртэл бие амархан ядраад байна уу? Энэ бүхэн зүгээр нэг тохиолдол биш. Бие тань өдөр бүрийн тамхины утааны дарамтыг мэдрээд эхэлсэн дохио юм. Хэрэв та өмнө нь тамхиа багасгахыг хүссэн ч гэнэт төрөх хүсэлтийг даван туулахад хэцүү байсан бол, олон хүний сонгож буй шийдэл энд байна” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаягийг шалгах нь
Бичлэгт монгол хэлэнд тохиромжгүй, орчуулгын программ ашигласныг илтгэх “Гэхдээ аз болоход та надад тааралдлаа” гэх ойлгомжгүй текст оруулжээ.

Мөн шалгасан мэдээллийг түгээсэн Эрүүл мэндийн дэмжлэгийн төв хуудасны ил тод байдлыг шалгахад тус хуудас нь 2025 оны 09 дүгээр сарын 25-нд нээгдсэн ба Вьетнам улсаас 2 админ удирдаж байна.

Агуулгыг шалгах нь
Шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ. Тодруулбал, тус сайтад бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн нэр, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээллийг оруулаагүй байна. Мөн бараа захиалах хэсэгт төлбөр хийх дансны мэдээлэл, хүргэлтийн нөхцөл гэх мэтийг байршуулаагүй байна.
Цаашлаад зохиомол хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлээр иргэдийн итгэлийг олж, залилан үйлдэж байна. Тухайлбал, гадаад нэр, зураг бүхий хаягуудаас монгол хэлээр сэтгэгдэл үлдээсэн байгааг зурагт харууллаа.

Үүний дараа шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад яг энэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл огт гарч ирсэнгүй. Мөн бүтээгдэхүүний савалгаа дээрх логоны хэсгийг томруулж, Google translate хэрэглүүр ашиглан англи хэл рүү орчуулахад “Kuraizawa Pharmaceuticals” гэж гарч ирж байгаа боловч ийм нэр, логотой Япон компанийн мэдээлэл мөн олдсонгүй.

Түүнчлэн “Quit smoking spray” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнтэй ижил төрлийн, амаар цацаж хэрэглэх зориулалттай тамхинаас гаргах шүршигчийн талаарх мэдээллүүд илэрч байна.
Гэхдээ ам руу шүршиж хэрэглэх зориулалттай тамхинаас гаргах шүршигчийн найрлага, үр нөлөө, аюулгүй байдалд зориулсан бие даасан, хянагдсан клиник туршилтууд одоогоор байхгүй байна. Тухайлбал, PubMed, АНУ-ын биотехнологийн үндэсний хүрээлэн, Google Scholar зэрэг судалгааны санд “Quit smoking spray”, “Japan Quit smoking spray” гэх түлхүүр үгээр хайхад ямар нэгэн шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл, клиник үр дүнгийн тайлан илрээгүй.
FDA-аас гаргасан никотин орлуулагч бүтээгдэхүүний жагсаалтад ам руу шүршиж хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүн байхгүй байна
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-наас тамхинаас гарахад ашиглахыг зөвшөөрсөн бүтээгдэхүүний жагсаалтад наалт, бохь, чихэр, хамрын шүршигч, амьсгалын аппарат болон жороор олгодог зарим төрлийн эмийн бэлдмэл багтжээ. Эдгээр нь FDA-аас аюулгүй байдал, үр нөлөөг нь үнэлсний дараа хэрэглээнд нэвтрүүлсэн, шинжлэх ухаанаар нотлогдсон арга хэрэгсэл юм.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, Гаднын удирдлагатай пэйжээс “тамхи татахыг багасгахад дэмжлэг үзүүлэгч шүршигч” гэх үйлдвэрлэгч компанийн мэдээлэл тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна.




