Search

Вакцинаас бус улаанбурхнаар өвдсөнөөс болж төв мэдрэлийн системийн эмгэг тохиолдох эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1767

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтдийн судалгаа гарлаа”, “Улаанбурханы вакцин “хортой” гэсэн unprecedented (няцаагдашгүй) мэдээ АНУ-SAGE төвөөс өчигдөр цацагдлаа ” гэх мэдээллийг нэг хэрэглэгчийн 2 хаягаас түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Улаанбурхны вакцин төв мэдрэлийн системд муу гэж дүгнэсэн судалгаа байхгүй ба ДЭМБ-ын дэргэдэх Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлгээс (SAGE) улаанбурхны вакцин хортой гэх мэдэгдэл огт гаргаагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 30-нд Tserenkhuu Ishtseden (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Улаанбурхны вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтдийн судалгаа гарлаа” гэх мэдээлэл түгээснийг 354 реакц, 94 сэтгэгдлээр идэвхжүүлж, 230 удаа цааш түгээжээ.

Мөн тус хэрэглэгчийн өөр хаяг болох И.Цэрэнхүү (архивласан хувилбар) хаягаас “Улаанбурхны вакцин “хортой” гэсэн unprecedented (няцаагдашгүй) мэдээ АНУ-SAGE төвөөс өчигдөр цацагдлаа” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 242 реакц, 44 сэтгэгдлээр идэвхжүүлж, 257 удаа цааш түгээжээ.

Шалгасан мэдээлэлд “улаанбурхны вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн судалгаа гарлаа” гэж онцолсон. Энэ нь саяхан гарсан судалгааны дүгнэлт мэт ойлголт өгч байна. Иймд Google Scholar, PubMed, Science Direct, ResearchGate зэрэг судалгааны сангаас “Улаанбурхны вакцин(MMR Vaccine), төв мэдрэлийн систем” гэх түлхүүр үгээр хайхад төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэж дүгнэсэн хянан магадлалтай судалгаа байхгүй байна.

Улаанбурхан өвчин хүндэрч, цочмог склерозын паненцефалит (SSPE) тархины эмгэг үүсэх тохиолдол

2025 оны 12 дугаар сарын 05-нд PubMed судалгааны санд нийтлэгдсэн кэйс судалгааны товчлолд цочмог склерозын паненцефалит (SSPE) өвчнөөр нас барсан 11 настай сири хүүгийн тухай мэдээлжээ. SSPE өвчин нь улаанбурхан өвчний ховор тохиолддог, үхлийн аюултай хүндрэл бөгөөд халдвар авснаас хойш 2-10 жилийн дараа илэрдэг байна. Мөн тус судалгаанд улаанбурхны эсрэг вакцины хамрах хүрээг тэлж, хямралд өртсөн орнуудад өвчтөнүүдэд ховор тохиолддог өвчний тухай эмнэл зүйн мэдлэг олгохын ач холбогдлыг онцолсон. Цочмог склерозын паненцефалит (SSPE) нь улаанбурхан вирусийн халдварын улмаас үүсдэг ховор тохиолддог хүндрэл юм. Улаанбурхны эсрэг вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой боловч сүүлийн жилүүдэд олон оронд улаанбурхан дахин гарч байгааг харгалзан илүү олон тохиолдол бүртгэгдэж магадгүй тухай АНУ-ын Үндэсний Анагаах ухааны номын сангийн сайтад мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, вакцинаас бус улаанбурхны халдвараас үүдэлтэй өвчлөл хэмээн ойлгож болох юм.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агенлагаас 2026 оны 01 дүгээр сарын 19-нд шинэчилж гаргасан улаанбурхны халдвар болон үүний эсрэг вакцины тухай гарын авлагад “Улаанбурхан туссан 1000 хүүхэд тутмын 1-3 тохиолдолд улаанбурхны анхдагч энцефалит гэж нэрлэгддэг тархины үрэвсэл гардаг бөгөөд тэдгээрийнх нь 10-15 хувь нь үхэлд хүрдэг бол 25 хувь нь мэдрэлийн байнгын гэмтэлтэй үлддэг байна. Улаанбурхны халдвар авсан 1000 тохиолдол тутмын 1-д халдвар авснаас хойш 2-30 хоногийн дотор халдварын дараах цочмог энцефалит үүсдэг байна. Мөн улаанбурхан өвчтэй 25,000 хүүхэд тутмын 1 нь (1-ээс доош насны 5,500 хүүхэд тутмын 1 нь) үхлийн аюултай цочмог склерозын паненцефалит (SSPE)-ээр өвчилдөг” гэх агуулгыг дурджээ.

  • АНУ-ын Үндэсний Анагаах ухааны номын сангийн сайтад оруулсан улаанбурхны вакцины тухай мэдээлэлд вакцинжуулалтад хамрагдсан 1,000,000 хүүхэд тутмын 1-2 нь вакцинжуулалтаас болж энцефалит өвчин тохиолддог бөгөөд энэ нь бүх төрлийн энцефалитын өвчлөлөөс бага тухай онцолсон. Өөрөөр хэлбэл, вакцинаас үүдэлтэй төв мэдрэлийн системийн эмгэг улаанбурхан өвчнөөс үүсэх эмгэгээс даруй 1000 дахин бага байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) дэргэдэх Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлгээс “улаанбурхны эсрэг вакцин хортой” гэх мэдэгдэл огт гаргаагүй.

Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлэг (SAGE) нь ДЭМБ-ын дэргэдэх зөвлөх бүлэг юм. Харин АНУ-ын хүн амд вакцин хэрэглэх тухай зөвлөмж боловсруулдаг холбооны зөвлөх хороог Дархлаажуулалтын практикийн зөвлөх хороо (ACIP) гэж нэрлэдэг байна. Тус хорооны зөвлөмжийн дагуу Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) АНУ-ын насанд хүрэгчид, хүүхдийн дархлаажуулалтын хуваарийг тогтоон ажилладаг. Өөрөөр хэлбэл, SAGE нь АНУ-ын байгууллага бус ДЭМБ-ын дэргэдэх олон улсын зөвлөх бүлэг юм.

Үргэлжлүүлэн “улаанбурхны вакцин хортой” гэх мэдээлэл SAGE-ээс гаргасан эсэхийг хайхад холбоотой мэдээлэл огт байхгүй байна. ДЭМБ-ын албан ёсны сайтад Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээ, улаанбурхны вакцинтай холбоотой мэдээлэл огт ороогүй юм. Мөн ДЭМБ-ын сайт дахь мэдээ, мэдэгдэл цэсэд энэ тухай мэдээлэл огт байхгүй.

Хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сарын 19-нд томуугийн вакциныг хэрэглэх талаарх ДЭМБ-ын удирдамжийг нийтэлж танилцуулсан байна.

ДЭМБ-ын сайт дахь Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлгийн хэсэг

Мөн АНУ-ын Дархлаажуулалтын практикийн зөвлөх хорооноос (ACIP) “улаанбурхны вакцин хортой” гэх мэдэгдэл гаргаагүй.

ДЭМБ-аас “Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол олон нийтийн хэмжээнд вакцинжуулах явдал юм. Бүх хүүхдийг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ёстой. Вакцин нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд хямд…” хэмээн зөвлөсөн байна. ДЭМБ-ын Дархлаажуулалтын мэргэжилтнүүдийн стратегийн зөвлөх бүлэг (SAGE) улаанбурхан өвчний вакцинжуулалтын хамрах хүрээ болон өвчлөлийн өнөөгийн чиг хандлагад үндэслэн “улаанбурхан өвчнийг устгахад ойрхон байсан олон оронд өвчин дахин дэгдэж байгаа тул анхаарах шаардлагатай” гэж дүгнэсэн тухай мэдээлжээ.

Дүгнэлт

Улаанбурхны вакцин төв мэдрэлийн системд муу гэж дүгнэсэн судалгаа байхгүй ба ДЭМБ-ын дэргэдэх Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлгээс (SAGE) улаанбурхны вакцин хортой гэх мэдэгдэл огт гаргаагүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтдийн судалгаа гарлаа”, “Улаанбурханы вакцин “хортой” гэсэн unprecedented (няцаагдашгүй) мэдээ АНУ-SAGE төвөөс өчигдөр цацагдлаа ” гэх мэдээллийг нэг хэрэглэгчийн 2 хаягаас түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document