2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Tserenkhuu Ishtseden нэртэй хуудаснаас “Элэг, уушгины хорт хавдрыг хүний өөрийх нь дархлааны эд эсэнд ургуулсан эд эсээр тарьж эмчилж эхэлснийг Путин зарласан. Хятад эмэгтэйчүүдийн хорт хавдар, Япон цусны хорт хавдраар туршилт хийгээд амжилттай боллоо. Голдуу Т-лимфоцитыг ашиглаж байгаа юм байна…”килер-мэргэжлийн алуурчин” гэж ярьсандаа би, тэр эд эс! Герман, франц бас туршилт хийсээр байна! Монгол хүн авах эсэхийг асуулгалаа…туршилтад монгол хүн аваасай гэж үнэн сэтгэлээсээ бодож байна, бурхнаас гуйж байна…над дээр олон хүн байгаа…итгэл горьдлогын нүд рүү нь харахаар далдирдаг…яаая даа байз! Хорт хавдрыг хими биш өөрийнх нь дархлаагаар эдгээнэ яаая гайхамшиг уу!” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Тус бичлэг 1.4 мянган реакц, 96 сэтгэгдэл авч, 250 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK:
Хорт хавдрын эмчилгээ хөгжихийн хэрээр шинэ арга, хэлбэрийг олон улсад идэвхтэй судалсаар байна. ОХУ-д ч энэ чиглэлийн судалгаануудыг хийж, хорт хавдрын эсрэг вакцин нээх гэж буйг зарласан.
- 2024 оны хоёрдугаар сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Дархлаа зохицуулах бэлдмэл, хорт хавдрыг эмчлэх вакцин нээхэд тун ойртсон. Эдгээрийг хувь хүний онцлогт тохирсон эмчилгээний хэлбэрээр ашиглана гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна.
Уг мэдэгдлээс хойш 2025 оны 11 дүгээр сарын 22-нд РИА Новости сайтад эл вакцины талаар мэдээлжээ. Тодруулбал, ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас арьс, бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээний вакциныг клиник хүрээнд туршилтаар ашиглах зөвшөөрөл олгосон байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын эрдэмтдийн зохиож буй вакцин нь хүний өөрийн дархлааг дэмжих замаар арьс, бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээнд ашиглах зорилготой. Гэвч тус вакцин нь бүрэн баталгаажаагүй бөгөөд илүү нарийвчлан судалсаар байгаа аж.

Шалгасан мэдээлэлд дурдсан эмчилгээний аргын талаар АНУ-ын Хорт хавдрын төв “Хүний өөрийн дархлааны системийг идэвхжүүлж хорт хавдрын эсүүдийг сааруулах дархлаа эмчилгээний арга нь харьцангуй шинэ ойлголт тул урт хугацааны нөлөө бүрэн судлагдаагүй. Мөн хувь хүний эрүүл мэндийн нөхцөл байдлаас үүдэн ялгаатай үйлчилж, үрэвсэх, харшлах зэрэг гаж нөлөө илэрдэг. Иймээс мэргэжилтнүүд бүх хавдрын эмчилгээнд ашиглах боломжгүй, зарим хүнд эрсдэлтэй гэж үздэг” хэмээн тайлбарласан байна.
Эдгээр баримтуудаас “хүний өөрийнх нь дархлааны эд эсээр хорт хавдрыг эмчлэх арга”-ыг нарийвчлан судалсаар буйг харж болно.
Мөн шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийн дагуу хайлт хийж, илэрсэн нийтлэлийг шинжилсэн. Хайлтын үр дүнд, Истанбулын Тархи, мэдрэлийн эмнэлгийн сайтад нийтлэгдсэн дархлаа эмчилгээний (Immunotherapy) тухай мэдээлэл илэрлээ. Тус нийтлэлд дархлаа эмчилгээний тодорхойлолт, төрөл, гаж нөлөө зэргийг мэдээлсэн байна. Ингэхдээ “ОХУ-ын хорт хавдрын эмчилгээний вакцин нээх” тухай агуулга огт дурдаагүй юм.

Зургийн тайлбар: Истанбулын Тархи, мэдрэлийн эмнэлгийн сайтаас дархлаа эмчилгээний тухай мэдээлсэн нийтлэл
Дүгнэвэл, ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Оросын эрдэмтэд хүний өөрийн дархлааг дэмжих замаар хорт хавдрын эмчилгээнд ашиглах вакцин хөгжүүлж байгаа” талаар мэдэгдсэн. Тус вакциныг арьс, бүдүүн гэдэсний хавдрын үед ашиглахаар судалж байгаа бөгөөд илүү нарийвчлан шинжлэх хэрэгтэй байгаа аж.




