Search

АНУ-ын цагаачлалын бодлогын эсрэг жагсаалын зургийг хиймэл оюунаар засварлаж, төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1764

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“BRICS COMMUNITY: АНУ-д дахин жагсаал. Хүүхдийн алуурчин Сионист-Америкийн дэглэмийн эсрэг жагсаал. 26.01.2026” гэх тайлбартай зураг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотод болсон цагаачлал, гаалийн албаны (ICE) эсрэг жагсаалын үеийн зургийг хиймэл оюун ухаан ашиглан засвар хийж, төөрөгдүүлсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Delgermaa Beckbat (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook хаягаас “BRICS COMMUNITY: АНУ-д дахин жагсаал. Хүүхдийн алуурчин Сионист-Америкийн дэглэмийн эсрэг жагсаал. 26.01.2026” гэх тайлбартай зураг нийтэлжээ. Тус постыг нийт 468 реакц, 61 сэтгэгдлээр идэвхжүүлж, 90 удаа цааш түгээжээ.

Зургийг шалгах нь

Бид шалгасан мэдээлэлд ашигласан зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг таних Hivemoderation хэрэглүүрээр шалгахад, 80.3% хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэсэн дүн гарлаа.

Үргэлжлүүлэн зургийг Google Lens хэрэглүүр ашиглан хайж үзэхэд 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн АНУ-ын Миннеаполис хотод Трампын засаг захиргааны цагаачлалын бодлого, АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE)-ны хүчирхийлэл, дүрвэгчдийг баривчлах явдлыг эсэргүүцсэн жагсаалын талаарх зураг, бичлэгүүд гарч ирлээ. Уг үйл явдлыг Forbes, NBC NewsGuardian зэрэг томоохон мэдээллийн сувгаар мэдээлсэн байна.

Тухайлбал, Forbes сайтад нийтлэгдсэн“Миннеаполист тэгээс доош хүйтэнд ч мянга мянган хүн ICE-ийн эсрэг жагслаа” гэх гарчигтай мэдээнд шалгасан зурагны засвар ороогүй жинхэнэ зургийг “Жагсагчид U.S. Bank Stadium орчмоор жагсаж байна. Зургийг Stephen Maturen / Getty Images” гэх тайлбартай нийтэлсэн байна.

Доорх зурагт шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг мэдээллийн сувгуудын нийтэлсэн зураг буюу зургийн эх хувилбартай нь харьцуулан харууллаа.

Агуулгыг шалгах нь

Шалгасан мэдээллийн тайлбарт дурдсан BRICS Community нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг улсаас эхэлсэн, одоо Египет, Этиоп, Индонез, Иран, Арабын Нэгдсэн Эмират зэрэг шинэ гишүүдийг багтаасан олон улсын хамтын байгууллага юм.

Харин АНУ-ын Миннеаполис хотод болсон жагсаалын талаарх албан ёсны мэдээллүүдэд уг байгууллагын талаар дурдаагүй байна.

Мөн шалгасан мэдээлэлд дурдсан Сионист (Zionism) нь еврейчүүдийн бие даасан улс байгуулах эрмэлзлийг илэрхийлдэг үзэл санаа юм. Харин АНУ-ын Миннеаполис хотод болсон жагсаал нь Сионист Америкийн дэглэмийн эсрэг жагсаал бус Миннесота мужид хэрэгжиж буй Цагаачлал, гаалийн алба (ICE)-ын үйл ажиллагааг өргөжүүлж байгааг эсэргүүцлээ илэрхийлсэн жагсаал болжээ.

Дүгнээд хэлбэл, 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотод болсон цагаачлал, гаалийн албаны (ICE) эсрэг жагсаалын үеийн зургийг хиймэл оюун ухаан ашиглан засвар хийж, төөрөгдүүлсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Цахим орчинд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг ашиглан аливаа мэдээллийн агуулгыг хүчтэй харагдуулах, нөлөөг тэлэх, төөрөгдүүлэх тохиолдол түгээмэл байдаг. Иймд эргэлзээтэй, бодит бус мэт харагдах зураг бичлэгийг АСУУ чатбот руу илгээн шалгуулахаас гадна Hive Moderation хэрэглүүр ашиглан өөрөө шалгах боломжтой юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“BRICS COMMUNITY: АНУ-д дахин жагсаал. Хүүхдийн алуурчин Сионист-Америкийн дэглэмийн эсрэг жагсаал. 26.01.2026” гэх тайлбартай зураг нийтэлжээ.

Check document