2026 оны 01 дүгээр сарын 18- нд Buyantkhuu Manlaisuren нэртэй хаягаас “Энэ бичлэг эдит AI-гаар хийсэн бичлэг биш болно‼️Тодруулбал, энэ 7 хоногийн дундаас хойш үеүдэд ОХУ-ын алс хязгаар Камчаткийн хойгийн төв Петропавловск-Камчатка хотод их хэмжээний хур тунадас орсны улмаас хоёрхон хоногт өвлийн улиралд орох хур тунадасны 52% нь орсон байна. Зарим газартаа 9давхар Брежневка орон сууцны 4 давхар хүртэл цас хунгарлаж орсон байна. Зогсоол дээр тавьсан автомашины дээр 2-4 м хүртэл цасаар хучигдсан. Тухайн хот нь далайн эргийн орчимд оршдог болохоор чийглэг тул хахир хүйтэн биш” гэх тайлбартайгаар 10 гаруй давхар барилга бүхэлдээ цасанд дарагдсан дүрслэлтэй богино хэмжээний бичлэг нийтэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2026 оны 01 дүгээр сарын 12-16-ны өдөр ОХУ-ын Камчаткын хойгт их хэмжээний цас орж, Петропавловск-Камчатка хотын байшин, барилга цасаар хучигдсан.
Камчаткын хойгийн засгийн газрын цаг уурын агентлагаас 1-р сарын 20-нд гаргасан тайланд 12 дугаар сараас 1-р сарын эхний хагас хүртэл Камчаткын нийслэл хотод ойролцоогоор 5.4 метр цас орсон гэж мэдээлжээ. 12-р сард орсон цас тус хотын сарын дунджаас гурав дахин их байсан. Харин нэгдүгээр сарын ихэнх цас 1-р сарын 13-наас 1-р сарын 16-ны хооронд хотод орсон ганц циклоноос үүдэлтэй ба 1.3 метр цас орсон нь сарын дундаж цаснаас давсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 1 сарын дундуур орсон цас 1.3 метр гэж мэдээлсэн байна.
Мөн Оросын бие даасан мэдээллийн агентлаг болох Moscow Times сонинд 01 дүгээр сарын 19-нд гарсан мэдээлэлд Петропавловск-Камчаткын цасны дундаж өндөр 1.7 метр хүрч, зарим хорооллуудад цасны нэвчилт 2.5 метр давсан гэж мэдээлсэн.
BBC агентлагаас шалгасан бичлэгтэй төстэй барилга хучсан цас нурж буйг дүрсэлсэн бичлэгийг шалгаж, худал болохыг тайлагнасан ба эдгээр бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн хэмээн мэдээлжээ. Үргэлжлүүлэн шалгасан бичлэгийн хэсгийг WasItAI, Hive Moderation, IMG Detector зэрэг хиймэл оюунаар бүтээсэн зураг таних хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал өндөр болохыг харуулж байна.

Камчаткад орсон цасны тухай мэдээлсэн BBC, CNN, AP, DW зэрэг мэдээллийн сайтад орсон бодит зурагт цас барилгын 1-2 давхрыг халхалсан, машиныг далдалсан байдалтай байгааг доорх зурагт үзүүллээ. Мөн Getty Images сайтад 2026 оны 01 дүгээр сарын 19-нд нийтлэгдсэн Камчатка хотын гудамж талбайг харуулсан хэд хэдэн зурагт (энд, энд бас энд) цас барилгын 1-2 давхар, машиныг бүхэлд нь нөмөрсөн байгааг харуулж байна. Харин шалгасан бичлэгт 10 гаруй давхар барилгыг бүхэлд нь хучсан мэтээр харагдуулжээ.

Байрны нэг давхрыг ойролцоогоор 2.5-3 метр гэж үзвэл 10 давхар байшин 25-30 метр болох юм. Шалгасан бичлэгт 10 давхар байшинг бүхэлд нь цасаар бүчсэн харагдаж байгаа нь хиймэл оюунаар бүтээсэн болохыг илтгэж байна. Харин бодит байдалд Камчаткад орсон цас ойролцоогоор 2 метр зарим хэсэгтээ цасны нэвчилт 2-3 метр байсан ба байрны 1-2 давхар, машиныг бүхэлд нь далдалж, бүчсэнийг бодит зурагт харуулсан байна.
Байгалийн ноцтой үзэгдэл болсон нь үнэн ч бодит байдлыг хэтрүүлэн харуулсан хиймэл оюунаар хийсэн зураг, бичлэгээр олон нийтийн анхаарлыг татаж, хандалт цуглуулах үзэгдэл гарсаар байна. Ийм зураг, бичлэгийг хортой сэдэлгүйгээр сонирхуулах зорилгоор ашигласан бол AI created зэрэг Метагийн платформуудад санал болгодог тэмдэглэгээг сонгон нээлттэй мэдээлж, олон нийтийг төөрөгдүүлэхээс хамгаалах стандартыг мөрдөж хэвших нь чухал байна. Шалгасан бичлэгийн нийтлэхдээ эвлүүлэг биш, хиймэл оюунаар бүтээгээгүй хэмээн тайлбарлаж төөрөгдүүлжээ.





