Search

“Утас хожоорой” гэх тайлбартай, хуурамч мэдээлэл агуулсан судалгаанд хамрагдахыг уриалжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1761

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Энэхүү шинэ гар утсыг хожиход танд ердөө 5-хан минут л хангалттай. Улсын чухал ач холбогдолтой асуулгуудад хариулж, 120 гар утасны сугалаанд оролцоорой” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдаж буй хаягаас судалгаа бөглүүлэх зорилгоор “утас хожоорой” гэж урхидсан мэдээлэл түгээжээ. Судалгааны асуултууд ёс зүйн зарчмаа зөрчсөнөөс гадна хуурамч мэдээлэл агуулсан байна. Мөн судалгаанд оролцсон хүмүүст хожсон утсаа хэрхэн авах талаар мэдээлэл байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Salam Brooo (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Энэхүү шинэ гар утсыг хожиход танд ердөө 5-хан минут л хангалттай. Улсын чухал ач холбогдолтой асуулгуудад хариулж, 120 гар утасны сугалаанд оролцоорой” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 940 реакц, 148 сэтгэгдэл авч, 24 удаа цааш түгээгджээ.

Хаяг шалгах нь

Salam Brooo хуудас нь 2024 оны гуравдугаар сарын 26-нд нээгдсэн, танилцуулга хэсэг хоосон, ерөнхий мэдээлэл огт байхгүй байна.

Мөн хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад АНУ-аас 3, ОХУ-аас 1, Украинаас 1 админ удирдаж байна.

Агуулгыг шалгах нь

Шалгасан мэдээлэл түгээсэн хаягаас гадна өөр хаягаас мөн адил агуулга бүхий тайлбартай, олны танил хүний зургийг ашиглан түгээсэн байна.

Бид тухайн холбоос руу орж үзэхэд, “Сайн байна уу, Би Монголын Социологийн Агентлагийг төлөөлж байна. Бидний судалгаа хэдхэн минут л болно” гэжээ. Мөн судалааны зорилго, холбоо барих зэрэг мэдээлэл байхгүй байна.

Google хайлтын системээс хайж үзэхэд, “Монголын Социологийн Агентлаг” нэртэй албан ёсны байгууллагын талаарх мэдээлэл байхгүй. Харин Монголын Социологийн холбоо нэртэй байгууллага байдаг, гэхдээ эндээс шалгасан мэдээлэлд хавсаргасан судалгаа авч байгаа гэх ямар нэг албан ёсны мэдээлэл байхгүй. Энэ нь тус байгууллагатай ойролцоо нэрээр судалгаа авна гэж төөрөгдүүлж буйг харуулж байна.

Мөн судалгаанд оролцсон хүмүүсээс 120 гар утасны эзэн тодруулна гэсэн боловч хэзээ, ямар журмаар сугалаагаа явуулж, азтанд нь хэрхэн хүргэх талаар ямар ч мэдээлэл байхгүй, судалгаанд эргэх холбоо үүсгэх дата байхгүй зэрэг нь хуурамч урамшууллын мэдээлэл болохыг харуулж байна.

Судалгааны асуулга нь хэт нэг талыг барьсан, тодорхой хариултад чиглүүлсэн байгаагаас гадна төөрөгдүүлсэн мэдээлэл агуулжээ

Тухайлбал, бид 18 дугаар асуулт болох “Хэдэн жилийн өмнө Киргизстан Кумтор алтны уурхайгаа Канадын хөрөнгө оруулагчдаас авсан бөгөөд үүний дараа тус улс 2 тэрбум гаруй ам.долларын орлого олсон боловч Канадын хөрөнгө оруулагчдын мэдэлд байсан. Кумтор төсөвт бараг юу ч авчраагүй” гэх асуулгыг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг нээлттэй эх сурвалжаар баталгаажууллаа.

Тодруулбал, Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров 2021 онд Кумтор уурхайг Канадын Centerra Gold компаниас төрийн мэдэлд авч, уурхайгаас улсад 3.4 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн талаар Reuters агентлагийн сайтад мэдээлжээ.

Мөн Кыргызстаны Akchabar мэдээллийн сайтад, “Энэ жил Кумтор алтны компани Кыргыз Улсын өмч болсны гурван жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд компани 43 тонн гаруй алт худалдаалсан байна. Цэвэр ашиг нь 1.072 тэрбум ам.доллар хүрч, үүнээс 1.06 тэрбум ам.доллараас дээш татвар, хураамж төсөвт төвлөрсөн” гэж мэдээлжээ.

Социалогийн судалгаанд хариултыг чиглүүлэхийг хориглодог

Америкийн Социологийн Холбооноос гаргасан ASA Code of Ethics-д “Социологийн болон олон нийтийн судалгааны асуулга нь төвийг сахисан, нэг талыг барихгүй байх шаардлагатай” гэж заажээ. Мөн АНУ-ын Олон нийтийн санал асуулгын судалгааны холбоо (AAPOR)‑ын Best Practices баримт бичигт:

  • “Судалгаанд оролцогчийг тодорхой хариулт хэлэхэд түлхэх үг хэллэг ашиглахгүй байх”
  • “Асуултын дарааллыг логиктой, ойлгомжтойгоор зохион байгуулах, гэхдээ хариултыг урьдчилан чиглүүлэхгүй байх” гэж тэмдэглэжээ.

Харин Salam Brooo гэх хаягаас явуулж буй асуулга нь нийт 23 асуулт байх бөгөөд зарим асуулт нь дээр дурдсан зарчимтай нийцэхгүй байна. Тухайлбал,

  • 13 дугаар асуултад ” Одоо би та бүхэнтэй Оюутолгойн уурхайг ашиглах явцад Рио Тинто компанийн гаргасан зөрчлийн талаарх мэргэжилтнүүдийн санал бодлыг хуваалцах болно. Анхааралтай сонсоод, тэдгээрийн алиных нь талаар сонссон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан эсвэл уншсанаа надад хэлээч?Та Рио Тинто компанид ямар зөрчлийн талаар сонссон бэ?
  • 20 дугаар асуултад “РУСАЛ-ын удирдлага тус компанийн үйл ажиллагаа явуулдаг улс орнуудад буяны болон нийгмийн төслүүдэд онцгой анхаарал хандуулдаг гэдгийг та мэдэх үү?
  • 23 дугаар асуултад  “Монголын засгийн газар Рио Тинтээс Русал руу хөрөнгийг шилжүүлэх, уурхайн нөхцөлийг шинэчлэх, эцэст нь төрийн мэдэлд оруулах талаар илүү идэвхтэй алхам хийх ёстой юу?” зэрэг асуулт нь хариултыг урьдчилан чиглүүлсэн, нэг талыг барьсан асуулт юм.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, гаднын улсаас удирдаж буй хаягаас судалгаа бөглүүлэх зорилгоор “утас хожоорой” гэж урхидсан мэдээлэл түгээжээ. Судалгааны асуултууд ёс зүйн зарчмаа зөрчсөнөөс гадна хуурамч мэдээлэл агуулсан байна. Мөн судалгаанд оролцсон хүмүүст хожсон утсаа хэрхэн авах талаар мэдээлэл байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Энэхүү шинэ гар утсыг хожиход танд ердөө 5-хан минут л хангалттай. Улсын чухал ач холбогдолтой асуулгуудад хариулж, 120 гар утасны сугалаанд оролцоорой” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ.

Check document