2026 оны 01 дүгээр сарын 22-нд Zorigtbaatar Nergui Borjigon (архивласан хувилбар) хаягаас “Трампын энх тайвны зөвлөлд суудал авах үнэ 1 тэрбум доллар ш дээ! Зандка өөрөөсөө 1 тэрбум доллар гаргаад төлчихсөн үү? яг яав төлбөрийг нь? хэхэ, эсвэл улсаараа өрөнд орчхов уу?” гэх тайлбартайгаар Монгол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөлийн тухай зураг нийтэлжээ. Тус постыг нийт 76 реакц, 44 сэтгэгдлээр идэвхжүүлж, 50 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөлд Монгол Улс албан ёсоор нэгдэж, анхны гишүүдийн нэг болсон тухай Ерөнхий сайд Г.Занданшатар сошиал хуудастаа мэдээлсэн. Тус зөвлөлийн нээлт 2026 оны 01 дүгээр сарын 22-нд Дэлхийн Эдийн засгийн Форумын үеэр болсон билээ. Энх тайвны зөвлөл нь дэлхий дахинаа, ялангуяа Газын бүс нутагт тогтвортой байдлыг дэмжих, найдвартай, хууль ёсны засаглалыг сэргээх, мөргөлдөөнд нэрвэгдсэн буюу мөргөлдөөний аюул заналхийлж буй бүс нутгуудад урт удаан хугацааны энх тайвныг тогтоох зорилго бүхий олон улсын байгууллага юм.
Цагаан ордны шуурхай хариу өгөх албан ёсны X (хуучнаар твиттер) хаягаас 2026 оны 01 дүгээр сарын 18-нд “Энх тайвны зөвлөлд элсэхэд гишүүнчлэлийн төлбөр гэж байхгүй. Энэ нь энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай зүтгэл гаргаж буй түнш орнуудад байнгын гишүүнчлэлийн эрхийг олгож байгаа хэрэг юм” хэмээн мэдэгдэл хийж, төөрөгдүүлсэн мэдээлэлд хариу өгчээ.
This is misleading. There is no minimum membership fee to join the Board of Peace.
— Rapid Response 47 (@RapidResponse47) January 18, 2026
This simply offers permanent membership to partner countries who demonstrate deep commitment to peace, security, and prosperity. https://t.co/c4bVUBfnW8
Өөрөөр хэлбэл, Энх тайвны зөвлөлд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэн ороход төлбөр төлөхгүй ба 3 жилийн хугацаанд ажиллах юм. Харин байнгын суудалтай болохыг хүсвэл 1 тэрбум ам.долларын хандив өгч, хөрөнгө оруулах ба байнгын суудалтай болсон гишүүн улсад 3 жилийн хугацаа огт хамаарахгүй аж.
2026 оны 01 дүгээр сарын 23-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Facebook хуудастаа 1 тэрбум долларын тухай мэдээллийг тайлбарлаж, мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “…Дүрэмд заасан 1 тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой…” хэмээн дурдсан байна.
Bloomberg мэдээллийн сайтад 2025 оны 01 дүгээр сарын 17-нд нийтлэгдсэн мэдээлэлд 1 тэрбум ам.долларын төлбөрийн тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тодруулбал, Энх тайвны зөвлөлд байнгын суудал авахын тулд улс орнууд дор хаяж 1 тэрбум долларын хандив өгөхийг хүссэн тухай сайтад дурджээ. Энх тайвны зөвлөлийн төслийн бичигт “’Гишүүн улс бүр энэхүү дүрмийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жилээс илүүгүй хугацаанд ажиллах бөгөөд хугацааг сунгах эсэхийг Зөвлөлийн дарга шийдвэрлэнэ. Энэхүү Дүрмийн хүчин төгөлдөр болсон эхний жилийн дотор Энх тайвны зөвлөлд 1,000,000,000 ам.доллароос дээш хэмжээний мөнгөн хөрөнгө оруулсан гишүүн улсуудад гишүүнчлэлийн гурван жилийн хугацаа хамаарахгүй” гэж тусгасан тухай Bloomberg мэдээллийн сайтад оруулсан байна.
Дүгнэлт
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамын санаачилсан Энх тайвны зөвлөлд Монгол Улс гишүүнээр элсэхдээ төлбөр төлөөгүй. Харин байнгын суудал авахыг хүсвэл гишүүн улсууд 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний хандив, хөрөнгө оруулах хэрэгтэй тухай олон улсын хэвлэл мэдээллийн сайтууд мэдээлжээ.




