2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Bio ivy нэртэй хуудаснаас “Блог хөтлөгч бүсгүй саятан болсноо хүлээн зөвшөөрсөн” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 379 реакц авч, 66 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглалаа.
Хаягийг шалгах аргыг ашигласан нь
Энэхүү мэдээллийг шалгахын тулд түгээсэн хаягийн шинж чанарыг нягталж, хуудасны ил тод байдлын мэдээллийг шинжилсэн юм. Ил тод байдлын мэдээллээр Bio ivy нь 2024 оны тавдугаар сарын 18-нд нээгдсэн, Украйн улсаас удирдлагатай хуудас гэдэг нь илэрлээ. Мөн хуудасныхаа танилцуулга хэсэгт Украйны Киев хотын байршлыг тэмдэглэжээ.

Тус хуудас нь ихэвчлэн гаднын орон, байгальтай холбоотой зураг бичлэг хуваалцахаас өөр төрлийн пост нийтэлдэггүй байна. Мөн ямар ч нэмэлт тайлбаргүй мэдээлэл түгээдэг. Эдгээр нь тухайн хуудасны баталгаагүй байдлын илрэл юм.
Агуулгыг нягталсан нь
Шалгасан бичлэгт “NTV мэдээллийн хөтөлбөрөөр “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч Одзаяаг мөрийтэй тоглоомын платформоор мөнгө олж, баяжсан” гэх агуулгатай мэдээлэл дурдсан байна. Гэвч уг бичлэг нь хиймэл оюунаар бүтээгдсэн, хуурамч мэдээлэл юм.

Энэ талаар NTV телевизийн сэтгүүлч Б.Уянга өөрийн цахим хуудаснаа “Миний өөр мэдээ уншсан хөтлөлтийн амны хөдөлгөөн, дуу хоолойг AI-аар өөрчилсөн байна шүү. Яг энэ видео бол “Худал мэдээлэл”. Одзаяа ч өөрөө “Худал” гэж сториджээ. Тухайн видеог репортлоорой” гэж мэдэгдсэн байна.
Зургийн тайлбар: NTV Телевизийн сэтгүүлч Б.Уянгын мэдэгдэл
Эдгээр баримтуудаас харахад, олны танил эмэгтэйчүүдийн бичлэгийг хиймэл оюунаар өөрчилж, зохиомол текст яриулан хуурамч мэдээлэл түгээсэн байна. Ингэхдээ цахим мөрийтэй тоглоом сурталчилжээ.
Ташрамд дурдахад, залилангийн шинжтэй мэдээллүүд ихэвчлэн хялбар аргаар, ашиг авах боломжтой мэт ойлголт өгч хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Ингэхдээ олны танил хүн, байгууллагын нэрийг ашиглаж, хиймэл оюунаар бүтээсэн хуурамч мэдээлэл түгээх нь бий. Deepfake буюу хиймэл оюун ухаанаар хүний хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг бүтээж болдог. Иймд хүлээн авч буй мэдээлэлдээ хянуур байж, нягталж сурах нь чухал юм. Үүний тулд анхан шатны баримт шалгах аргыг хэрэглэхээс гадна хиймэл оюун таних хэрэглүүрүүдийг ашиглаж байгаарай.




