2026 оны 01 дүгээр сарын 25-нд Sweet shop нэртэй пэйж “10 хүнд 999,000 төгрөг өгнө” гэх агуулгатай пост түгээж, бусад пэйжүүддээ лайк дарж, дагахыг шаарджээ. Тус постыг 1400 реакц, 687 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2900 гаруй удаа цааш түгээжээ. Цаашлаад мөн “Цайны аяганы ком 6,900 төгрөг“, “Азтан шалгаруулж Mini Cooper машин бэлэглэнэ” гэх агуулгатай пост түгээжээ.
Бараа бүтээгдэхүүнээ маш хямд, байж боломгүй үнээр сурталчилж хандалт авдаг
Sweet shop пэйжийг 2025 оны 02 дугаар сарын 11-нд үүсгэж, Монголоос гурван админ удирдаж байна. Танилцуулга хэсэгтээ холбоо барих утасны дугаар, хаяг оруулаагүй байна.


Бараа бүтээгдэхүүнээ хэт хямд, байж боломгүй үнээр сурталчилж хандалт авдаг
Бид Sweet shop гэх нэртэй пэйжийн хоёр рийлийг 2025 оны 09 дүгээр сарын 24 болон 10 дугаар сарын 24-нд тус, тус баримтаар шалгаж (энд, энд) “худал” гэдгийг мэдээлсэн. Өмнөх онд шалгасан мэдээлэлд “dh store“, “Bunny shop” гэх пэйжийг “хүргүүлээд аваарай”, “зориод ирээрэй” гэх үгсээр дагахыг уриалжээ.
“dh store“, “Bunny shop” гэх хоёр пэйжийг шалгавал дагагчдын тоо нь ойролцоогоор 10 мянгад хүрэхэд нэр нь солигдож, өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг пэйж болгон өөрчилсөн байна. Энэ нь тэдгээр пэйжийн хандалтыг өсгөж байгаад бусдад шилжүүлсэн байхаар харагдаж байна.

- Жишээгээр үзүүлсэн дээрх хоёр пэйж бол “үнэгүй зүйл”, “азтан”, “хэт хямд үнэтэй бараа” гэх мэт хуурамч мэдээллээр урхидаж цуглуулсан дагагчидтай бөгөөд нэг нь математикийн сургалтын төв, нөгөө нь гоо сайхны үйлчилгээг нэг платформд төвлөрүүлсэн ухаалаг захиалгын системийн үйлчилгээ үзүүлдэг газрын мэдээлэл түгээдэг пэйж болжээ.
Өөрөөр хэлбэл, Sweet shop нэртэй пэйж нь хүмүүст “мөнгө тараана”, “үнэгүй бэлэг, бараа өгнө”, “азтан шалгаруулна” гэх мэтээр иргэдийг урхидаж, бусад пэйждээ лайк даруулж, дагахыг шаарддаг. Ингэж дагагчийн тоог өсгөсөн пэйжүүдийн нэр солигдож, өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг газруудын мэдээллийг оруулж эхэлдэг байна.
Гаднын зураг, бичлэгт монгол хэлээр тайлбар оруулж урхиддаг
Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 25-нд Sweet shop пэйж “A store”, “Аз Luxury party house” гэх хоёр пэйжийг дагаж, хамгийн олон шэйр хийсэн 10 хүнд 999,000 төгрөг өгнө, мөн түүнчлэн “Mini Cooper” гэх машиныг бэлэглэнэ хэмээн дурджээ.
Бид постод хавсаргасан “Mini Cooper” гэх машины зургийг цахим орчинд хайхад Pinterest платформын Sarah Mee гэх нэртэй гаднын хэрэглэгчийн зураг болохыг эндээс харж болно.


Sweet shop пэйжийн рийлүүдийг шалгавал, цасны куртка 5,900 төгрөг, 75 инчийн зурагт 29,900 төгрөг, өвлийн малгай 3,900 төгрөгөөр авахын тулд олон группт шэйр хийх, дурдсан пэйжүүдийг дагахыг шаарддаг байна. Гэвч үнэндээ гаднын хэрэглэгчдийн оруулсан бичлэгт монгол хэлээр хэт хямд үнэ бичиж, иргэдийг залилж байна. Энэ тухай бид 2025 оны 09 дүгээр сарын 24-нд баримтаар шалгасныг эндээс үзээрэй.

Дүгнээд хэлбэл, Sweet shop пэйж нь гаднын бичлэгт монгол хэлээр хэт хямд үнэ нэмж, залилахаас гадна “үнэгүй бэлэг өгнө”, “мөнгө тарааж байна” гэх мэтээр хандалт, дагагчдын тоогоо өсгөж байна.
Иймд та онлайнаар худалдаа хийх гэж байгаа бол тухайн пэйж нь холбоо барих утасны дугаар, хаяг зэргээ оруулсан, бодит бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа зэргийг шалгаж байгаарай.




