2026 оны 01 дүгээр сарын 07-нд Batchimeg subvention нэртэй хаягаас “Сайн байцгаана уу, Монголын иргэд ээ, би ахмад настнуудад туслахыг хүсч байгаа бөгөөд тэдэнд тус бүрт 50-90 сая төгрөг хандивлахаар шийдлээ. “Тийм ээ, би сонирхож байна” гэж бичнэ үү” гэх текст бүхий зураг оруулжээ. Тус постыг 495 реакц, 1,000 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 67 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Баяр наадам дөхөх үед цахим залилангийн шинжтэй мэдээлэл ихэсдэг. Ялангуяа олны танил, албан тушаалтны зургийг ашиглаж, тэтгэлэг, санхүүжилт өгнө гэх нэрийдлээр хувийн мэдээлэл авах, цаашлаад санхүүгийн залилан үйлддэг байна. Иймд аливаа тэтгэлэг, урамшуулал, мөнгө өгнө гэх мэдээлэлд шууд итгэлгүй дараах аргаар шалгаарай.
Хаяг шалгах
Санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг, хандив өгнө гэх агуулга бүхий мэдээлэл түгээж буй хаягийг заавал шалгаж хэвшээрэй. Ингэхдээ хаягийн ерөнхий мэдээлэл, үүсгэсэн огноо, нийтэлсэн постыг харах нь зүйтэй. Batchimeg subvention хуудас нь 2026 оны 01 дүгээр сарын 06-нд нээгдсэн ба нийт 17 дагагчтай байна. Танилцуулга хэсэгтээ “Санхүүгийн тэтгэлэгээ ямар ч асуудалгүйгээр аваарай” хэмээн алдаатай текст бичжээ. Мөн хуудасны ангиллыг “Эрүүл мэнд, гоо сайхан”(Health/Beauty) гэж оруулжээ.


Мөн хуудастаа graciasperso@gmail.com и-мэйл хаяг холбосон байна. Тус хаягаар хайхад Бенин улсаас нэг админ удирддаг “Д.Demjigchid joh” нэртэй хуудас илэрцээр гарч ирлээ. Үүнээс харахад гаднын улсаас удирдлагатай хэд хэдэн хуурамч хаягаар залилан үйлдэж буйг илтгэж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хаяг нь албан ёсны цэнхэр тэмдэгтэй ба нийт 68 мянга гаруй дагагчтай байна. Пэйжийн дэлгэрэнгүй мэдээллийг харахад 2017 онд нээгдсэн бөгөөд албаны сайт, дугаар, өөрийн Х (хуучнаар твиттер) хаягаа холбожээ.

Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбар 2025 оны 03 дугаар сарын 04-нд Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан ёсны Facebook хуудаст (архивласан хувилбар) нийтлэгдсэн нь илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, тус зураг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад хийсэн айлчлалын үеэрээ “ICT-2025” өдөрлөгийг нээж, үг хэлж буй үеийн зураг аж.
Аливаа мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens, Yandex, Tineye, Microsoft Bing зэрэг зургаар хайх хэрэглүүр ашиглан хаана, хэзээ нийтлэгдэж байсныг мэдэх боломжтой юм.
Агуулгыг нягтлах

Цахим залилан нь ихэвчлэн их хэмжээний мөнгө амлах, ямар нэг үйлдэл хийж, идэвхжүүлэхийг уриалсан шинжтэй байдаг. Шалгасан мэдээлэлд хэрэв сэтгэгдэл бичвэл хүн бүрд их хэмжээний мөнгө хандиваар шууд өгнө гэж амласан маягтай бичжээ. Харин сэтгэгдэл бичсэн тохиолдолд хувийн чатаар холбогдохыг уриалсан байна. Хэрэв чатаар холбогдвол хувийн мэдээлэл авах, цаашлаад урьдчилгаа төлбөр нэхэх зэрэг эрсдэлтэй.
Гаднын улсаас удирдлагатай пэйжээр дамжуулж цахим залилан үйлдэх үзэгдэл нэмэгдсээр байна. Энэ төрлийн залилангийн мэдээлэл ихэвчлэн орчуулгын хэрэглүүр ашигласан байдаг учир үг үсэг, найруулгын алдаатай байдаг. Иймд аливаа санхүүжилт олгоно, тэтгэлэг өгнө гэх агуулга бүхий мэдээлэлд шууд итгэлгүй тайлбар текстийг сайтар нягтлаарай.
Дүгнэлт
Хуурамч хаягаас Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн зургийг ашиглаж хүн бүрд их хэмжээний мөнгө амласан залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ.




