2025 оны 11 дүгээр сарын 13-нд Skybloom нэртэй хуудаснаас тамхинаас гаргах соронзон наалт сурталчилсан 10 орчим минутын бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт ”Czticle® соронзон бугуйвч нь 17,000 гауссын хүчтэй соронз ашиглан никотины хамаарлыг бууруулдаг — 94%-ийн амжилттай бөгөөд сөрөг нөлөөгүй. 21 хоногт тамхинаас гар – Эм хэрэггүй, хорих шаардлагагүй…12,000 гаруй хүн амжилттай тамхинаас гарсан — дараагийнх нь та байж болно…” хэмээн тайлбарлажээ. Бичлэгийг нийт 443 реакц, 356 сэтгэгдлээр идэвхжүүлж, 221 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд “соронзон бугуйвч тамхинаас 94 хувийн амжилттай гаргана, 21 хоногийн дотор гаргана” гэх агуулгыг дурдсан. Энэ нь бодитой судалгаанд үндэслэсэн мэт ойлголт өгч байна. Гэвч уг бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны баталгаагүй ба холбоотой судалгааны ажил огт байхгүй. PubMed, Google Scholar, ResearchGate, Wiley Online Library, ScienceDirect зэрэг нээлттэй судалгааны сангаас “Соронзон бугуйвч” гэх түлхүүр үгээр хайхад тамхи болон тамхинаас гарахтай холбоотой судалгаа огт байхгүй байна.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP баримт шалгах төвөөс тамхинаас гаргах бугуйвчны тухай шалгаж худал болохыг мэдээлж байсан. Тодруулбал, тус баримт шалгалтад Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн тамхины судалгаа, эмчилгээний төвийн захирал Нэнси Риготти “Би энэ бугуйвчны тухай огт сонсож байгаагүй, дэмжсэн ямар нэг судалгаа байдгийг мэдэхгүй юм” хэмээн тодруулга өгчээ. Мөн Висконсины Их Сургуулийн тамхины судалгаа, оролцооны төвийн үүсгэн байгуулагч, хүндэт профессор Майкл Фиоре “Би энэ талаар хянан баталгаажуулсан ямар ч судалгаа олж чадсангүй. Ямар ч өгөгдөл, мэдээлэл байхгүй” гэж тайлбарласан.
Соронзон орон ашиглаж тамхинаас гаргах эмчилгээний арга байдаг ч зөвхөн эмнэлгийн орчинд, эмчийн хяналтад хийдэг. Тодруулбал, АНУ-д Хүнс эмийн агентлагаас насанд хүрэгчдэд тамхинаас богино хугацаанд гарахад туслах зорилгоор тархины гавлын гаднах соронзон сэдээлтийн эмчилгээг (Transcranial Magnetic Stimulation-TMS) зөвшөөрдөг. Тус эмчилгээ нь соронзон орон ашиглаж тархины мэдрэлийн эсийг өдөөх процедур юм. Соронзон бугуйвч нь ихэвчлэн статик буюу байнгын соронз байдаг бол TMS эмчилгээнд илүү хүчтэй цахилгаан соронз ашигладаг ба дуулга зүүлгэж, эмчилгээг хийдэг.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээллийг түгээсэн Skybloom хуудасны ил тод байдлыг шалгахад тус хуудас нь 2025 оны 08 дугаар сарын 22-нд нээгдсэн ба Вьетнам улсаас 3 админ удирдаж байна. Сүүлийн үед сошиал орчинд гаднын удирдлагатай пэйжээс эрүүл мэндийн баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүн сурталчлах үзэгдэл ихэссэн. Тиймээс аливаа бүтээгдэхүүн сурталчилж буй хаягийг заавал шалгаж хэвшээрэй.
Дүгнэлт
Тамхинаас гаргах бугуйвчийг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо огт байхгүй. Гаднын удирдлагатай пэйжээс баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна.




