Search

В.Путин “Хэрвээ Монгол руу гадны улс дайн зарлавал Орос Улс хамгаалалт нь байх болно” гэж хэлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1752

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монгол Улс Оросын мөнхийн хөрш байх болно хэрвээ Монгол руу гадны улс дайн зарлавал Орос Улс хамгаалалт нь байх болно” гэх пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

В.Путин “Хэрвээ Монгол руу гадны улс дайн зарлавал Орос Улс хамгаалалт нь байх болно” гэж хэлсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 18-нд Livetv HD (архивласан хувилбар) хаягаас “Монгол Улс Оросын мөнхийн хөрш байх болно хэрвээ Монгол руу гадны улс дайн зарлавал Орос Улс хамгаалалт нь байх болно” гэх пост нийтэлжээ. Уг пост нийт 16,000 гаруй реакц, 1,100 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 761 удаа цааш түгээжээ.

Бид шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Google хайлтын системээс хайж үзэхэд 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн энд, энд, энд өндөр хандалттай түгжээ. Постод хаана, хэзээ энэ мэдэгдлийг хийсэн талаарх мэдээлэл байхгүй байна.

Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой мэдэгдэл, мэдээ, бусад мэдээллийг авах боломжтой албан ёсны вэбсайт болох kremlin.ru-д “Mongolia” гэх түлхүүр үгээр хайж үзэхэд шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулгатай төстэй мэдэгдэл хийсэн зүйл олдсонгүй. Кремлийн албан ёсны Youtube сувгаас хамгийн сүүлд хийсэн мэдэгдлүүдээс харахад мөн байсангүй.

Тухайлбал, 2026 оны 1 дүгээр сарын 15-нд буюу шалгасан мэдээлэл цахим орчинд түгэхээс өмнөх өдөр “Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслол”-ын үйл явдлаас өөр ямар нэг мэдэгдэл хийсэн талаарх мэдээлэл Кремлийн албан ёсны Youtube сувагт байхгүй байна.

Кремлийн албан ёсны Youtube суваг

Мөн President of Russia хэмээх албан ёсны X хаяг нь 2022 оноос хойш ямар нэгэн пост ороогүй байна.

Зургийг нягтлах нь

Шалгасан мэдээлэлтэй адил агуулгыг Ub Fact, Сенсаци.мн зэрэг хаягаас өөр, өөр зурагтай түгээжээ. Ашигласан зураг нь интернетэд түгээмэл тархсан зураг байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй гар барьж буй зураг нь 2024 оны 9 дүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Төрийн ордонд авахуулсан гэрэл зураг юм.

Эх сурвалж: Livetv HD
Эх сурвалж: UB Fact
Эх сурвалж: Сенсаци.мн

Дүгнээд хэлбэл, В.Путин “Хэрвээ Монгол руу гадны улс дайн зарлавал Орос Улс хамгаалалт нь байх болно” гэж хэлсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна. Мөн манай байгууллага 2022 онд цахим орчинд түгсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Монгол Улсад болон Монголын ард түмэнд маш их талархаж явдаг” гэх худал мэдээллийг энд баримтаар шалган мэдээлж байсан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Монгол Улс Оросын мөнхийн хөрш байх болно хэрвээ Монгол руу гадны улс дайн зарлавал Орос Улс хамгаалалт нь байх болно” гэх пост нийтэлжээ.

Check document