2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр TRUSO – Эрүүл ходоод нэртэй хуудаснаас “Truso stomach – ходоодны хамгийн оновчтой дэмжлэг” гэх бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Тус бичлэг 247 реакц, 285 сэтгэгдэл авч, 184 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны аргын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь
TRUSO – Эрүүл ходоод хуудас нь нийт 73 дагагчтай ба 2025 оны 10 дугаар сарын 02-нд нээгдсэн байна. Уг хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас 3 админ удирдаж байгаа нь мэдэгдлээ.

Цаашлаад түгээсэн мэдээллийг шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдсан. Мөн түгээсэн мэдээлэл нь үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай байна. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг шинж юм.
Агуулгыг нягталсан нь
Шалгасан хуудаснаас тус бүтээгдэхүүнийг FDA-аар баталгаажсан гэж сурталчилсан байна. Үүнийг нягтлахын тулд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтад хандаж, түлхүүр үгээр хайлт хийсэн. Гэвч уг бүтээгдэхүүнийг итгэмжилсэн ямар ч баримт бичиг илэрсэнгүй.

Үүнээс гадна уг бүтээгдэхүүний шинж чанар, үр нөлөөг баталсан судалгааны материал алга. Эдгээр мэдээллээс харахад тус бүтээгдэхүүн баталгаажаагүй эсвэл мэдээлэл түгээж буй хуудас хуурамч бичиг баримт ашигласан байх эрсдэлтэй байна.
Энэ талаар эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Ихэнх ходоод, гэдэсний шарх эмийн эмчилгээгээр эдгэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд дуран, мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог. Өвчний шинж тэмдэг хөнгөн байсан ч эмчлүүлэхгүй орхиж болохгүй. Учир нь шарх даамжирч, цус алдах эрсдэлтэй. Иймд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг авах нь зүйтэй” хэмээн мэдээлжээ. Мөн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас “Өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилнэ, эдгээнэ гэх мэтээр сурталчилж, аюулгүй байдал, үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй бүтээгдэхүүн борлуулахыг эрүүл мэндийн залилан гэдэг. Энэ төрлийн залилан нь хүмүүсийн мөнгийг дэмий үрэхээс гадна зөв оношилгоо, зохистой эмчилгээ авах хугацааг алдагдуулах эрсдэлтэй. Мөн зарим тохиолдолд амь насанд ч нөлөөлөх магадлалтай” гэж анхааруулсан байна.
Дүгнээд үзэхэд, Вьетнам улсаас удирдлагатай хуудаснаас богино хугацааны үр дүн амласан, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Ингэхдээ FDA-аар баталгаажсан мэт харагдах хуурамч бичиг баримт ашиглажээ.




