2025 оны 12 дугаар сарын 25-ны 16:48 цагт Хулан Яруу Найрагч хаягаас “ШИНЭ ОНООС ӨМНӨ АМЖИЖ ХЭЛЭХ ҮГ” гэх эхлэлтэй пост (архивласан хувилбар) оруулсан. Уг постын гол агуулга нь “Өршөөл уучлал бус, улс төрийн ойлголцол хүсэж, хэрэг дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн…” цаашлаад,
- З.Энхболд, А.Гансүх нарт хандаж, “…Ц.Хулан төрийн нууцтай танилцаагүй, задлаагүй, гадагш гаргах үндэслэлгүй гэж яг үнэнээр нь хэлсэн Зандаахүүгийн Энхболд, бусад зүйлд мөн л үнэнэээр нь өчсөн ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх болон шүүхээс үүнийг нотлон тогтоосон нэр бүхий хүнд баярлалаа…” гэжээ.
- Н.Өнөрцэцэг сэтгүүлч, Ц.Оюунбаатар өмгөөлөгчид хандаж, “…Гадаадаас 4.8 жил санхүүжиж, дансанд нь 2 тэрбум төгрөг байсан мэтээр худал мэдээлснээ, бодит үнэнийг мэдмэгц залруулж чадсан ухамсарт сэтгүүлч Зариг Өнөрөөд баярлалаа. Би хэнээс ч юунаас ч урваагүй ба зөвхөн төр, шашны төлөө үзэл бодол, үгээ хэлсээр ирсэн. Бүх шатанд цагаатгал нэхсэн гурван өмгөөлөгч, тэдэн дунд Ц.Оюунбаатар өмгөөлөгчдөө баярлалаа” гэсэн байна.
- Ерөнхийлөгчид хандаж, “Миний хэрэгтэй нухацтай танилцаж, шийдвэр гаргасан Ухнаагийн Хүрэлсүх танд түмэнтээ баярлалаа…”,
- Тагнуулын Ерөнхий Газарт хандаж, “Төрийн тусгай байгууллагын эрх мэдлийг хэн нэг албан тушаалтан хувьдаа ашигласан, магадгүй гаднынханд иргэнээ хаяж өгсөн мэт үйлдлийг таслан зогсоосон соргог, чадварлаг тагнуулынхандаа баярлалаа…”,
- Шүүхэд хандаж, “гомдол нулимс барсан ч шүүхийнхэндээ баярлалаа” гэх мэтээр бичжээ.
- Мөн хамгийн гол зүйл гээд “хэн хаанаас яасан ийснийг бичээд найдвартай хадгалуулсан байгаа шүү” гэжээ.
Уг постыг 5.6 мянга гаруй реакц, 945 сэтгэгдлээр идэвхжүүлж, 380 цдаа цааш түгээжээ.
Мөн 2026 оны 01 дүгээр сарын 18-нд Nutag.mn Монголчуудын групп нэртэй бүлгэмийн постыг (архивласан хувилбар) шэйрлэсэн байна. Уг мэдээлэлд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нар танаа” гэх эхлэлтэй, “Хулан намайг гүтгэн дайрч давшилсан мэдээлэл хэрээс хэтэрч, төр, төрийн тэргүүн, төрийн тусгай үүргийн байгууллага болон хувь хүний нэр төрд халдаж, гутаан доромжлох үйлдэл сүүлийн 2 хоногт идэвхжсэн байна. Миний бие маш нууц хэргийг задалж үл болох хуулиар сануулсны дагуу олон нийтэд мэдээлээгүй нь намайг яллан цоллох завтай, ард иргэдээ гадаад улс орны захиалгатайгаар зориуд хагалан бутаргах гэмт үйлдэл гэж харж байна. Үйлдэлд нэгдсэн сайтуудыг цахим тандалт хийлгэхэд 120 гаруй хуурамч нэр, хаягаас өндөр давтамжтайгаар мэдээллээ түгээжээ. Хэргийн бүх учир зангилааг тайлж, иргэнээ хамгаалсан Тагнуулын Ерөнхий Газар, намайг эрх чөлөөтэй золгуулсан төрийн тэргүүнл ямагт талархаж явдаг миний хувьд, бидний дунд яс хаяж, мууг минь үзэх санаа агуулсан эдгээр сайтуудыг шалгаж, хууль журмыг сануулахад илүүдэхгүйг хэлмээр байна. Төрийн нууц задлаагүйг, эдний бичиж буй шиг олон сая төгрөг доллар аваагүйг та нар мэднэ. Найрагч хүнд эх орон, эх орны нэгэн адил нэр төр үнэтэй. Энэ үгүй бол гадаадын иргэншил хүссэн өргөдлөө бэлдчихээд явааг минь бодолцож, гутаан доромжлогсдод зохих шанг хүртээж өгөхийг хүсье. 2026 оны 1 дүгээр сарын 18. Ц.Хулан” гэжээ.
FACTCHECK:
Гэм буруугийн шийдвэрийг зөвхөн шүүх л гаргадаг
Ц.Хулан Facebook дэх хаягтаа “Өршөөл уучлал бус, улс төрийн ойлголцол хүсэж, хэрэг дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн…” гэсэн боловч гэм буруугүйн тухай шүүхийн шийдвэр байхгүй.
Харин 2025 оны 07 дугаар сарын 10-нд ikon.mn сайтад “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүлжээ. Ц.Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн болохыг ЕТГ-ын хэвлэлийн албанаас бататгав. 2023 онд давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жил нэг сарын хугацаагаар хорих ялыг оноосон байдаг. Түүнд уучлал үзүүлснээр өнөөдөр хорих ангиас суллах юм байна” гэж мэдээлж байв.
ҮАБЗ-өөс Ц.Хуланд сануулга өгжээ
2026 оны 01 дүгээр сарын 20-нд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Ц.Хуланг дуудаж, удаа дараа үндэслэлгүй, нийгмийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээсэн гэж сануулга өгсөн тухай мэдээллийн сайтуудад мэдээлсэн. /энд, энд, мөн энд/
Мэдээний агуулга: ubn.mn сайтад “Ц.Хулан нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд олон нийтэд хандаж “Өршөөл уучлал бус, Улс төрийн ойлголцол, хүсэж, хэрэг дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн…” гэх агуулга бүхий худал мэдээлэл түгээсэн байдаг. Тэрбээр хилийн хоригтой төдийгүй, тусгай чиг үүргийн байгууллагуудын хяналтад байдаг байна. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч уучлалыг цуцлах бүрэн эрхтэй ажээ” гэсэн байна.


Уучлал үзүүлсэн нь гэм буруугүй гэсэн үг биш
Түүнчлэн “бүх шатанд цагаатгал нэхсэн” гэж байгаа ч цагаатгасан тухай тогтоол, шийдвэр гараагүй. Цагаатгах, уучлал үзүүлэх хоёрын ялгааг ойлгомжтой байлгах үүднээс доор хүснэгтээр харууллаа.
| Ойлголт | Цагаатгал | Уучлал |
|---|---|---|
| Гэм буруутай эсэх | Үгүй | Тийм (ялтай хэвээр) |
| Нэр төр сэргээгдэх эсэх | Тийм | Үгүй |
| Эрх бүрэн сэргээх эсэх | Тийм | Үгүй |
| Улсаас нөхөн төлбөр авах эсэх | Тийм | Үгүй |
Түүнчлэн Ц.Хулан “гадаадын иргэншил хүсэхээр бэлдэж буй” агуулгыг постдоо дурдсан.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх” талаар заасан.
“1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ:
- 1/гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл;
- 2/эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл;
- 3/хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан цагаачлах хүсэлт гаргасан бол уг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн өдрөөс хойш З жилийн дотор;
- 4/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар;
- 5/хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар” гэжээ.
Дүгнэхэд, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Ц.Хулан цахим хаягтаа “Өршөөл уучлал бус, улс төрийн ойлголцол хүсэж, хэрэг дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн…” гэх мэдээлэл оруулсан ч шүүхээс гэм буруугүйг тогтоож, цагаатгаагүй төдийгүй ҮАБЗ-өөс төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээхгүй байхыг сануулсан байна.
Ц.Хуланд давж заалдах шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр зүйлээр 8 жил 1 сарын хорих ял оноосон. Харин 2025 оны 07 дугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан юм.




