Search

Хийжүүлсэн, чихэрлэг бүх төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1749

Засварласан 2026.01.22
Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Coca Cola-гийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө: Их хэмжээний сахар учир цусан дахь глюкоз огцом өснө, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин-ий эрсдэл нэмэгдэнэ. Фосфорын хүчил нь кальцийн шимэгдэлтийг бууруулж, удаан хугацаанд яс сийрэгжилтэд нөлөөлнө. Өндөр хүчиллэг байдал нь шүдний паалан элэгдэл, цоорол үүсгэнэ. Тэжээллэг бодисгүй хоосон калори. Тогтмол, их хэмжээгээр хэрэглэх нь урт хугацаанд эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулна” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зөвхөн Кока-Кола бус бүх төрлийн хийжүүлсэн чихэрлэг ундааг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг олон судалгаагаар нотолсон. 500 мл савлагаатай ундаа нь насанд хүрэгчдийн хоногийн сахарын хэрэглээнээс хэтэрдэг тул өдөр бүр уух нь эрүүл мэндэд эрсдэлтэй. Тэр дундаа хүүхдэд долоо хоногт нэг аяга хийжүүлсэн ундаанаас хэтрүүлж хэрэглүүлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул зохистой хэрэглээнд анхаарна уу.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

ЗАЛРУУЛГА: Кока-Кола ундааны сөрөг үр дагаврыг илэрхийлсэн мэдээлэлд хийжүүлсэн бүх ундааны хэтрүүлсэн хэрэглээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг, мөн зохимжит хэрэглээний хэмжээний тухай нэмэлт мэдээлэл өгч, “бүрэн бус” гэдэг үнэлгээ өгснийг “ҮНЭН” болгож залруулж байна. Учир нь түгээсэн мэдээлэлд дурдсан бүх агуулга үнэн бөгөөд, дутуу орхисон мэдээлэл нь агуулгыг өөрчлөхөөргүй байна.

2026 оны 01 дүгээр сарын 16-нд BatSol RobanTar (архивласан хувилбар) хаягаас “Coca Cola-гийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө: Их хэмжээний сахар учир цусан дахь глюкоз огцом өснө, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин-ий эрсдэл нэмэгдэнэ. Фосфорын хүчил нь кальцийн шимэгдэлтийг бууруулж, удаан хугацаанд яс сийрэгжилтэд нөлөөлнө. Өндөр хүчиллэг байдал нь шүдний паалан элэгдэл, цоорол үүсгэнэ. Тэжээллэг бодисгүй хоосон калори. Тогтмол, их хэмжээгээр хэрэглэх нь урт хугацаанд эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулна” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост нийт 16 мянга гаруй реакц, 667 сэтгэгдлээр идэвхжүүлж, 9,000 гаруй удаа цааш түгээжээ. Мэдээллийг шалгуулах хүсэлтийг 01 дүгээр сарын 16-нд М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас ирүүлсэн байна.

Бичлэгт, “Энэ ундаа биш, хүнс биш, энэ бол химийн бодис. Кока-Коланд хүний биед хэрэгтэй нэг ч зүйл байхгүй, магадгүй дотор нь байгаа хольсон ус нь л байгаа байх. Кока-Коланд орсон сахар, хүчил, бодисууд хүний биед маш муу. 500 граммын Кока-Коланд 65 грамм сахар орсон байгаа. Том халбагаар 5 гэсэн үг. Хүн өдөрт нэгийг уугаад, 2 долоо хоноход 1 кг сахар авна гэсэн үг. Авсан 1 кг сахар нь хүний биед өөх болдог. Хүн сахарыг өөх болгож хувиргадаг. Кока-Кола бол шүдний дайсан. Шүдний пааланг бага багаар иддэг. Шүдний хорхой, яс, ходоод, бөөр, зүрх судасны дайсан. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн өвчинтэй болох хамгийн эрсдэл энэ дотор байгаа сахарнаас болж байгаа. Монгол хүний ходоодонд зохихгүй. Харин монгол хүмүүст цээдэм зохидог” гэжээ.

Брэндээс үл хамааран чихэрлэг, хийжүүлсэн бүх төрлийн ундааг хамруулсан суралгаанд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан

2026 оны нэгдүгээр сарын 10-нд Springer Nature Link судалгааны санд нийтлэгдсэн “Хийжүүлсэн ундааны хэрэглээний түвшин ба эрүүл мэндийн ач холбогдлын өргөн хүрээний тойм” нэртэй өгүүлэлд “Хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх, яс сийрэгжилт” зэрэг эрүүл мэндэд сөрөг үр дагавартайг онцолжээ. Мөн “Элсэн чихэр нэмсэн ундааг өдөр бүр уудаг хүмүүс 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох эрсдэл нь 27%-иар, зүрх судасны өвчинд өртөх эрсдэл нь 9%-иар илүү” байдгийг дурджээ.

Мөн 2024 онд нийтлэгдсэн, 22 сая гаруй хүнийг хамарсан 47 мета-анализын тойм судалгаа нь дараах дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, нийт судалгааны 79% нь элсэн чихэр ихтэй ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд шууд сөрөг нөлөөтэйг дурдаж, сэтгэл гутрал, зүрх судасны өвчин, бөөрний чулуу, 2-р хэлбэрийн чихрийн шижин, шээсний хүчлийн хэмжээ ихсэх эрсдэлтэй холбоотойг баталжээ.

Энэ хэсгийг дүгнэхэд, шалгасан мэдээлэлд дурдагдсан Кока-Кола ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний тухай баримтууд нь олон судалгаагаар нотлогдсон боловч эдгээр судалгаа нь зөвхөн Кока-Кола-г бус, бүх төрлийн хийжүүлсэн ундаа /carbonated soft drinks/-г хамарсан байна. Мөн дурдагдсан сөрөг үр дагаврууд нь их хэмжээгээр, тогтмол хэрэглэсэн тохиолдолд илэрдэг болохыг анхаарах хэрэгтэй юм.

Өдөрт 500 мл чихэрлэг хийжүүлсэн ундаа уудаг бол хэтрүүлсэн хэрэглээ мөн

Насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 36 грамм (ойролцоогоор 3 том халбага), эмэгтэй нь 25 грамм (ойролцоогоор 2 том халбага)-аас ихгүй хэмжээний сахар орсон бүтээгдэхүүнээр хязгаарлахыг зөвлөдөг.

  • Тэгвэл 500 мл хэмжээтэй чихэрлэг хийжүүлсэн ундаанд агуулагдах чихрийн хэмжээг дунджаар 50 грамм гэж тооцвол зөвшөөрөгдөх хэмжээнээс бараг 2 дахин их болж байна.

Америкийн Зүрхний нийгэмлэг (AHA)-ээс гаргасан мэдэгдэлд 2–18 насны хүүхэд, өсвөр үеийнхэн чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг 7 ХОНОГТ НЭГ АЯГА буюу 240 мл-ээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй гэж тусгажээ. Энэ нь хүүхдийн зүрх судасны эрүүл мэндийг дэмжих, чихрийн шижин, таргалалт зэрэг архаг өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж судлаачид онцолсон байна.

Кока-Кола ундааны Nutrition Facts буюу тэжээллэг чанарын шошгыг улс орнуудын хүнсний шошгололтын зохицуулалт, стандарттай уялдан өөр өөрөөр тэмдэглэдэг

Рийл оруулсан facebook.com/BatmunkhBuyantogtokh/ домэйнтай хаягийг АНУ-аас удирддаг хэмээн тэмдэглэсэн байна. Энэ хаяг нь бизнесийн зөвлөгч төрлийг сонгож тэмдэглэсэн бөгөөд Метагийн төлбөртэй дагагч (Subscriber badge) авах үйлчилгээг идэвхжүүлсэн буюу Community Standard зөрчөөгүй, дагагч нь тогтвортой өсөж буй, жинхэнэ хүн (эсвэл бизнес) болохыг баталсан байна. Мөн тус хаягаар АНУ дахь анхны монгол хэлээр даатгалын үйлчилгээ үзүүлдэг Бат даатгалын агентлагийг танилцуулсан байна.

Хаягийн ил тод байдлын мэдээлэл
  • Эдгээр шинж нь бичлэгт харуулж буй Кока-Кола ундааны шошго нь АНУ-ын стандартын дагуу тэмдэглэгдсэнийг илэрхийлж байна. Тиймээс АНУ-д мөрддөг хүнсний бүтээгдэхүүний шошгожилтын стандартыг судаллаа.

АНУ, Канад зэрэг улсад тэжээллэг чанарын хүснэгтийг нэг савлагаанд (per serving / per bottle) ногдох байдлаар тусгайлан тэмдэглэдэг байна. Тодруулбал, Канадад 500 мл савалгаатай Кока-Кола ундаанд 55 грамм сахар агуулагдана гэж заасан байдаг бол, АНУ-д 20 fl oz (ойролцоогоор 591 мл) хэмжээтэй Кока-Кола ундаанд 65 грамм сахар агуулагдана хэмээн тэжээллэг чанарын хүснэгтэд тусгажээ.

Харин Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг 100 мл-д ногдох хэмжээгээр илэрхийлдэг. Тиймээс борлуулж буй Кока-Кола ундааны 300 мл, 500 мл, 1 л зэрэг бүх төрлийн савалгаатай ундаанд ижил тэмдэглэдэг. Жишээ нь, 100 мл тутамд 10.6 грамм сахар агуулна гэж тэмдэглэсэн тохиолдолд, 500 мл савалгаатай ундаанд агуулагдах нийт сахарын хэмжээ нь 53 грамм байна гэсэн үг юм.

АНУ-д шошголохдоо савлагааны хэмжээгээр тэжээллэг чанарыг тооцдог бөгөөд 591 мл ундаанд 65 гр сахар агуулж байгааг заажээ. /100 мл-т гэж тооцвол 9.09 гр сахар/
Монголд 100 мл тутамд агуулж буй тэжээллэг чанарыг мэдээлдэг ба 10.6 гр сахар буюу 500 мл ундаанд 53 гр сахар агуулдаг гэсэн үг.

Бүх төрлийн хийжүүлсэн чихэрлэг ундаанаас яагаад Кока-Колаг онцолдог вэ?

Кока-Кола нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэдэг хийжүүлсэн ундааны брэнд юм. Иймээс хүмүүс “чихэрлэг хийжүүлсэн ундаа”-г бүхэлд нь ярьж тайлбарлахын оронд, ихэвчлэн Кока-Колаг жишээ болгон нэрлэдэг байна. Цахим орчинд “бүх хийжүүлсэн ундаа” гэж ерөнхийлөн тайлбарлахаас илүү “Кока-Кола уувал…” гэж жишээ татах нь ойлгомжтой, хурдан тархдаг тул, заримдаа Кока-Кола онцгой хортой мэт буруу ойлголт үүсгэдэг.

Жишээ нь, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Hopewell Chin’ono гэх нэртэй Facebook хэрэглэгч хийжүүлсэн ундааны тухай мэдээлэл хүргэхдээ лаазтай Кока-Кола-г барьж бичлэг хийжээ.

  • Гэхдээ Кока-Кола-той ижил Пэпси, Фанта, Спрайт зэрэг хийжүүлсэн ундааны сахар, калори, нүүрс усны агууламжийн хэмжээ үндсэндээ ижил бөгөөд, хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ч ижил байна.

Тухайлбал, 100 мл тутамд агуулагдах сахарын хэмжээ нь Пэпси ундаанд 11 грамм, Спрайт ундаанд 8.6 гр, Фанта ундаанд 8 гр гэж тэмдэглэсэн байна. Үүнийг 500 мл буюу “жижиг” гэж нэрлэж заншсан савлагаанд ямар хэмжээтэй сахар агуулддагийг дараах байдлаар гаргаж болно.

  • Пэпси – 55 грамм
  • Кока-Кола – 53 грамм
  • Спрайт – 43 грамм
  • Фанта – 40 грамм
Түгээмэл хэрэглэдэг хийжүүлсэн ундаануудын 100 мл тутамд агуулагдах сахарын хэмжээ

Coca-Cola компанийн зүгээс хэрэглэгчдэдээ ийнхүү зөвлөжээ

Coca-Cola компани, “Чихрийн шижинтэй, сахар болон илчлэгийн хэрэглээгээ багасгахыг хүссэн хүмүүст бид сахар багатай, эсвэл огт сахаргүй, илчлэг багатай олон төрлийн ундааг санал болгодог. Үүнд Coca-Cola Less Sugar, Coca-Cola Zero Sugar, Fanta Zero, Sprite Zero зэрэг бүтээгдэхүүнүүд багтана. Мөн хэрэглэгчид порцын хэмжээгээ хянах боломжтой байлгах үүднээс бид ундаагаа жижиг савлагаатайгаар санал болгодог” гэжээ.

Эх сурвалж: coca-cola.com

Мөн “Ундаа бүрийн агуулагдах сахарын хэмжээ болон илчлэгийн талаарх мэдээллийг ил тод хүргэдэг бөгөөд ингэснээр хүмүүс өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ тохирсон сонголтыг хийх боломжтой” хэмээн дурджээ.

Дүгнээд хэлбэл, зөвхөн Кока-Кола бус бүх төрлийн хийжүүлсэн чихэрлэг ундааг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг олон судалгаагаар нотолсон. 500 мл савлагаатай ундаа нь насанд хүрэгчдийн хоногийн сахарын хэрэглээнээс хэтэрдэг тул өдөр бүр уух нь эрүүл мэндэд эрсдэлтэй. Тэр дундаа хүүхдэд долоо хоногт нэг аяга хийжүүлсэн ундаанаас хэтрүүлж хэрэглүүлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул зохистой хэрэглээнд анхаарна уу.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Coca Cola-гийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө: Их хэмжээний сахар учир цусан дахь глюкоз огцом өснө, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин-ий эрсдэл нэмэгдэнэ. Фосфорын хүчил нь кальцийн шимэгдэлтийг бууруулж, удаан хугацаанд яс сийрэгжилтэд нөлөөлнө. Өндөр хүчиллэг байдал нь шүдний паалан элэгдэл, цоорол үүсгэнэ. Тэжээллэг бодисгүй хоосон калори. Тогтмол, их хэмжээгээр хэрэглэх нь урт хугацаанд эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулна” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document