Search

“1072 хувьцаа тараана” гэх тексттэй зураг ашигласан залилангаас сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1747

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Зөвхөн өнөөдөр гэр бүлийн тэтгэлэгт үнэгүй хамрагдах боломжтой” гэх мэдээллийг 1072 хувьцааны зураг хавсарган түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаас сошиал орчинд өмнө түгж байсан зураг ашиглан 1072 хувьцаа өгөх гэж буй мэтээр залилж байна. 


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 20-нд Нийгмийн ажилтан (архивласан хувилбар) гэх хаягаас “Норовын АЛТАНХУЯГИЙГ дэмжих групп” нэртэй бүлгэмд “Онеедер буюу 2026 оны 1-р сарын 20-ний едер буюу жилд ганцхан удаа ирдэг азтай одер “Азтай” гэж бичсэн хэн бухэнд гэр булийн тэтэлэг унэуй хамрагдах боломжтой” гэх мэдээллийг нийтэлжээ. Тус мэдээлэлд “1072 хувьцааны ногдол ашиг… энэ долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ” гэх текст бүхий зураг хавсаргасан байна. Тус постыг нийт 120 реакц, 135 сэтгэгдлээр идэвхжүүлж, 7 удаа цааш түгээжээ. 

Цагаан сарын баяр ойртсонтой холбогдуулан “1072 хувьцаа өгнө, бэлэн мөнгө, тэтгэлэг өгнө” гэх залилангийн шинжтэй мэдээлэл улам нэмэгдэж байна. Иймд аливаа тэтгэлэг, урамшуулал, мөнгө өгнө гэх мэдээлэлд шууд итгэлгүй дараах аргаар шалгаарай. 

Хаяг шалгах 

Хамгийн түрүүнд хаяг руу орж, ерөнхий мэдээллийг шалгаж хэвшээрэй. Нийгмийн ажилтан нэртэй хуудас нь нийт 24 дагагчтай, танилцуулга, ерөнхий мэдээлэл огт байхгүй, хуудасны ангилал хэсэгт “хүнсний дэлгүүр” хэмээн оруулжээ. Мөн тус хуудаст ердөө 2 зураг оруулсан нь гадаад хүмүүсийн зураг байна.  Үргэлжлүүлэн пэйжийн ил тод байдлын (page transparency) хэсгийг шалгахад тус хуудас нь 2025 оны 10 дугаар сарын 30-нд нээгдсэн ба пэйжийг удирдаж буй админы мэдээллийг нээлттэйгээр тохируулаагүй байна.

Шалгасан мэдээллийг нийтэлсэн группэд Нийгмийн ажилтан хуудаснаас оруулсан постуудыг шалгахад байнгын давтамжтай мөнгө өгнө, үнэгүй тэтгэлэгт хамрагдах боломжтой гэх мэдээлэл түгээжээ. 

Пэйждээ ямар ч мэдээлэл, зураг пост оруулаагүй, огт идэвхгүй боловч нээлттэй группэд тэтгэлэг, мөнгө олгоно гэх мэдээлэл түгээж буй нь залилангийн шинжтэй хуурамч хаяг болохыг илтгэж байна.  

Мэдээлэлд хавсаргасан зургийг сайтар ажиглаж, зургаар хайх хэрэглүүр ашиглах 

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийн баруун дээд буланд Улстөрч.мн гэх лого харагдаж байна. Тус зургийг Google Lens хайлтын системээр хайхад сошиал орчинд ялангуяа Facebook платформд түлхүү түгжээ. Үүнээс харахад хуурамч хаягаас сошиад өмнө түгж байсан зураг ашиглан 1072 хувьцаа өгөх гэж буй мэтээр залилж байна. 

Мөн Нийгмийн ажилтан хуудасны нүүр зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбарыг Ruth Vachon гэх LinkedIn хаягт 2023 онд нийтэлсэн илэрч гарч ирлээ.  

Аливаа мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens, Yandex, Tineye, Microsoft Bing зэрэг зургаар хайх хэрэглүүр ашиглан хаана, хэзээ нийтлэгдэж байсныг мэдэх боломжтой юм. 

Агуулгыг нягтлах 

Шалгасан мэдээллийн тайлбар хэсгийг ажиглавал  үг үсгийн алдаа их байна. Тухайлбал, “Онеедер”, “едер”, “булийн тэтэлэг унэуй”, ” одер” зэрэг гадаад хэлнээс орчуулсан, дуурайлган бичсэн мэт байгааг харж болно. Сүүлийн үед гаднын улсаас удирдлагатай пэйжээр дамжуулж залилан хийх үзэгдэл ихэссэн. Ингэхдээ гаднын залилагчид орчуулгын хэрэглүүр ашигладаг тул үг үсгийн, найруулгын алдаатай байдаг.

Баяр наадам дөхсөн энэ үед  хуурамч хаягаас “бэлэн мөнгө, тэтгэлэг өгнө, 1072 хувьцаа олгож байна” гэх залилангийн шинжтэй мэдээлэл түгээх үзэгдэл ихэсдэг. Тиймээс хэрэглэгч та сэрэмжтэй байж, дээрх баримт шалгах анхан шатны аргаар шалгаж, баталгаажуулаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Зөвхөн өнөөдөр гэр бүлийн тэтгэлэгт үнэгүй хамрагдах боломжтой” гэх мэдээллийг 1072 хувьцааны зураг хавсарган түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document