2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Tserenkhuu Ishtseden нэртэй хаягаас “Сонор мэдээ. Цагаан ордон нийгмийн сүлжээгээр Гринландын ард түмэн АНУ, ОХУ, БНХАУ-ын алийг нь сонгох бодолтой байгааг судалжээ. Хүн бүрд 100к$ өгч Гринландыг цэргийн хүчээр хамгаална гэдгээ хэлэхээ бас мартсангүй. Гринландын парламент улс төрийн байдал тогтворжих хүртэл Оросын харьяанд байна гэсэн шийдвэр гаргажээ. Орос Америк 2 анхнаасаа АНУ Венесуэлийг, ОХУ Украиныг авна гэсэн л тохироотой байснаас биш Гринландын тухай тохироо байсангүй…одоо АНУ+европа шоок! Гринландын ард түмэн байшин дээрээ Оросын далбааг мандуулж зарим нь байшингаа оросын далбааны өнгөөр будаж байна” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Тус пост 1.2 мянган реакц, 224 сэтгэгдэл авч, 119 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Гринланд арал Данийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг хэвээр байгаа бөгөөд ОХУ-ын харьяанд орох шийдвэр гаргасан тухай албан ёсны ямар ч баримт илрээгүй.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринландын стратегийн ач холбогдлыг дурдаж, “худалдаж авах” тухай ярьсан. Мөн “АНУ-ын албаныхан Гринландыг Даниас салан тусгаарлахад нь ятгах зорилгоор тус арлын иргэдэд 10,000–100,000 ам.долларын бэлэн мөнгө олгох тухай ярилцаж буй“-г Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Гэвч уг санал нь бодит гэрээ, албан ёсны хэлэлцээр болж хэрэгжээгүй бөгөөд Европын холбоо, Дани, Гринландын удирдлагуудын зүгээс эсэргүүцэж байгаа юм.
Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, ОХУ-ын Ямал хэсгийн барилгын фасад солих ажлын хүрээнд хийгдэж байсан үеийн зургийг ашигласан болох нь илэрлээ. Тодруулбал, ОХУ-ын Ямал-Ненецийн автономит тойргийн хотууд “Ялалтын баяр”-аар иргэд эх оронч үзлээ илэрхийлж, байшингийнхаа цонх, гадна талаа далбааны өнгөөр чимэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Оросын далбааг мандуулж, зарим нь байшингаа оросын далбааны өнгөөр будсан” гэх тайлбартай зураг Гринландтай ямар ч хамааралгүй юм.

Дүгнээд үзвэл, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринланд арлыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тухайн нутгийн иргэдэд бэлэн мөнгө олгох тухай хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Гэвч уг хүсэлтийг нутгийн захиргаанаас эсэргүүцэж байгаа бөгөөд албан ёсны хэлэлцээр хийж, батлаагүй. Мөн Гринланд “Оросын харьяанд байх шийдвэр гаргасан” гэх батлагдаагүй, хуурамч мэдээлэл түгээж байна.




