Search

ДЭМБ-аас гаргасан “Жил бүр тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг” гэсэн тоо баримтыг буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1745

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“…Нэгдүгээрт EVALI гэж шинэ өвчин гарсан. Хоёрхон жил татаад 17-той охин нас барсан. Энэ онд энэ өвчнөөр 7 сая хүүхэд нас барсан байна…” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “жил бүр тамхинаас шалтгаалсан 7 сая гаруй нас баралт бүртгэгддэг” хэмээн хэлснийг буруугаар тайлбарлаж, “2025 онд 7 сая хүүхэд EVALI-ээр нас барсан” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 29-нд И.Цэрэнхүү (архивласан хувилбар) хаягаас “…Нэгдүгээрт EVALI гэж шинэ өвчин гарсан. Хоёрхон жил татаад 17-той охин нас барсан. Энэ онд энэ өвчнөөр 7 сая хүүхэд нас барсан байна…, ДЭМБ-ын ерөнхий захирал өөрөө илтгэл тавьсан” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост нийт 280 реакц, 7 сэтгэгдлээр идэвхжүүлж, 222 удаа цааш түгээжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Жил бүр тамхидалтаас үүдэлтэй өвчний улмаас 7 сая гаруй хүн нас бардаг” хэмээн 2025 оны 11 дүгээр сард болсон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын оролцогч талуудын 11 дүгээр хурлын үеэр онцолжээ.

Харин шалгасан мэдээлэлд энэ тоог буруугаар тайлбарлаж, “2025 онд 7 сая хүүхэд EVALI (электрон тамхи болон вэйп бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой үүсдэг хүнд хэлбэрийн уушгины гэмтэл) өвчнөөр нас барсан” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын оролцогч талуудын 11 дүгээр хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирлын хэлсэн үг, Эх сурвалж: ДЭМБ

Мөн шалгасан мэдээлэлд “НҮБ-аас электрон тамхины хор хөнөөлийн талаар гишүүн орнуудад анхааруулж, зөвлөмж өгсөн” гэжээ. Тэгвэл уг тайлан, зөвлөмжийг НҮБ-аас шууд гаргадаггүй НҮБ-ын харьяа байгууллага болох ДЭМБ-аас гаргадаг.

Хуулийн хяналтгүй, найрлага нь тодорхойгүй электрон тамхи нь уушгины хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин болох EVALI-ийн шалтгаан болдог

EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) нь электрон тамхи болон вэйп бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой үүсдэг хүнд хэлбэрийн уушгины гэмтэл бөгөөд анх 2019 онд АНУ-д бүртгэгдэж байсан.

2020 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-д EVALI бүртгэгдсэн нийт 2,807 тохиолдол, нас барсан хүний тоо 68 хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Харин 2025 онд дэлхий дахинд бүртгэгдсэн EVALI өвчний талаарх албан ёсны тоо баримт байхгүй байна.

EVALI өвчний үүсгэгч хүчин зүйлүүдийн нэг нь витамин Е ацетат (vitamin E acetate) хэмээх бодис гэж үздэг. АНУ-ын Cleveland Clinic, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг бодис нь вэйпийн шингэнд, ялангуяа тетрагидроканнабинол (THC) буюу каннабисын идэвхтэй найрлага агуулсан бүтээгдэхүүнд түгээмэл агуулагддаг байна. Витамин Е ацетат нь тослог бүтэцтэй тул уушгинд орсон тохиолдолд уушгины альвеолын хананд наалдаж, амьсгалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж судалгаагаар тогтоожээ.

Витамин Е ацетатаас гадна зарим үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодис ашигладаг. Уг химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж, сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг тухай АНУ-ын “Johns Hopkins Medicine” албан ёсны сайтад мэдээлжээ. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.

Гэхдээ витамин Е ацетат, диацетил зэрэг бодис нь бүх электрон тамхины шингэнд агуулагддаггүй. Их Британи, Европын Холбоо зэрэг орнууд хууль тогтоомжоор диацетил ашиглахыг хориглосон байдаг.

  • Харин хууль бус, баталгаагүй гаралтай бүтээгдэхүүнд тетрагидроканнабинол (THC) агуулагдах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор олон улсын эрүүл мэндийн байгууллагууд электрон тамхины бүтээгдэхүүний найрлагыг нарийвчлан хянах, хэрэглэгчдэд болзошгүй эрсдэл, найдвартай бус эх үүсвэр бүхий THC-шингэний талаар мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх шаардлагатайг онцолдог.

Дүгнэхэд, ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесу “жил бүр тамхинаас шалтгаалсан 7 сая гаруй нас баралт бүртгэгддэг” хэмээн хэлснийг буруугаар тайлбарлаж, “2025 онд 7 сая хүүхэд EVALI-ээр нас барсан” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“…Нэгдүгээрт EVALI гэж шинэ өвчин гарсан. Хоёрхон жил татаад 17-той охин нас барсан. Энэ онд энэ өвчнөөр 7 сая хүүхэд нас барсан байна…” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document