Search

“Киану Ривз хорт хавдрыг эмчлэх үнэгүй эмнэлэг нээжээ” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1744

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

61 настай холливүдийн алдарт жүжигчин Киану ривз 450 сая ам.долларын өртгөөр хорт хавдрыг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлэг нээжээ” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Киану Ривз хорт хавдрыг эмчлэх үнэгүй эмнэлэг нээсэн” гэх батлагдсан мэдээлэл байхгүй. Уг зургийг хиймэл оюунаар бүтээж, зохиомол тайлбартай түгээсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Б.Гэрэлтцолмон нэртэй хуудаснаас “61 настай холливүүдийн алдарт жүжигчин Киану ривз 450 сая ам.долларын өртгөөр хорт хавдрыг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлэг нээжээ. Тэр энэ бүгдийг өөрийн хөрөнгөөр, тэр бүү хэл мотоциклийн цуглуулгаа хүртэл зарж босгожээ” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Тус пост 13 мянган реакц, 474 сэтгэгдэл авч, 891 удаа цааш түгээгдсэн байна.

Бид уг мэдээллийг нягтлахын тулд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг таних хэрэглүүр ашиглав. Тодруулбал, Hive Moderation хэрэглүүрээр тухайн зургийг шалгахад, 99.9% хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэсэн дүн гарлаа.

Зургийн тайлбар:  Хиймэл оюун таних Hive Moderation хэрэглүүрийн үр дүн

Дээрх дүгнэлтээс харахад Gemini хиймэл оюунаар тус зургийг бүтээсэн байх магадлалтай нь харагдаж байна. Иймд эл зургийг Google-ийн Gemini системд (чат архив) оруулж шалгасан. Gemini нь SynthID хэмээх хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентыг таньж, усан тэмдэг (watermark) илрүүлэх зориулалттай хэрэгсэл ашигладаг. Уг хэрэглүүрийн дүгнэлтээр тус зураг нь Google AI-аар үүсгэсэн гэдэг нь батлагдлаа.

Мөн эмнэлгийн ажилтнуудын хувцсан дээрх пайз бүдэг, тодорхойгүй тэмдэгтүүдээс бүрдсэн, хүмүүсийн гарын хөдөлгөөн, хэлбэр дүрс нь гажсан, гэрэл сүүдрийн ялгаралгүй зэрэг байдал ажиглагдаж байна. Эдгээр нь тус зураг хиймэл оюунаар бүтээгдсэн гэдгийг илтгэх шинж тэмдэг юм.

Киану Ривз нь хорт хавдрын судалгаанд олон сая ам.долларын хандив өгсөөр ирсэн ч “хорт хавдрыг эмчлэх үнэгүй эмнэлэг нээсэн” гэдэг нь батлагдаагүй мэдээлэл юм. Учир нь энэ талаар мэдээлсэн албан ёсны ямар ч мэдэгдэл илрээгүй. Үүнтэй төстэй “Киану Ривз үнэгүй амьтны асрамж, эмчилгээний төв нээсэн” гэх мэдээлэл өмнө нь түгж байсан. Тус мэдээллийг Lead Stories баримт шалгах төв нягталж, хуурамч гэж мэдээлж байв. Үүнээс олны танил хүмүүсийн зургийг хиймлээр бүтээж, хандалт авахын тулд хуурамч тайлбартай түгээх үзэгдэл буйг харж болно. Иймд хүлээн авч буй мэдээлэлдээ шүүмжлэлтэй хандаж, давхар баталгаажуулахаас гадна хэв байдлыг нь сайтар ажигладаг байх хэрэгтэй юм.

Дүгнээд хэлбэл, “Киану Ривз хорт хавдрыг эмчлэх үнэгүй эмнэлэг нээсэн” гэх батлагдсан мэдээлэл байхгүй. Уг зургийг хиймэл оюунаар бүтээж, зохиомол тайлбартай түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

61 настай холливүдийн алдарт жүжигчин Киану ривз 450 сая ам.долларын өртгөөр хорт хавдрыг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлэг нээжээ” гэсэн мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document